Улсын нөөцөөс 700 тонн өвс, 480 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгоно

2019 оны 03-р сарын 04, 00:00

Хаваржилтын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, ХХААХҮ-н дэд сайд Ж.Сауле нараар ахлуулсан “Шуурхай бүлэг” Баян-Өлгий аймагт ажиллаж байна.  Үүнтэй холбогдуулан өнөөдөр аймгийн Онцгой комиссын бүх гишүүдийг оролцуулсан шуурхай хуралдааныг зохион байгуулав. Энэ үеэр аймгийнхаа хаваржилтын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нэн тэргүүнд анхаарч, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа аймгийн удирдлагууд танилцуулсан юм. Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” манай аймгийн хаваржилтын хүндрэл, нөхцөл байдлыг үндэслэн Засгийн газрын шийдвэрээр Улсын нөөцөөс 700 тoнн өвс, 480 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр хуваарилсаныг дуулган, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, орон нутагтаа шийдвэрлэх боломжгүй асуудлуудыг Засгийн газарт уламжилж танилцуулахаар болов. Онцолж хэлэхэд Баян-Өлгий аймгийн хувьд эхний хоёр сарын байдлаар 25,384 толгой мал зүй бусаар хорогдож, 26,241 толгой мал хээл хаясан.  Түүнчлэн Алтай, Алтанцөгц, Баяннуур, Буянт, Дэлүүн, Толбо сум бүхэлдээ, Бугат, Булган сумын зарим багууд, нийтдээ 60 гаруй багийн нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч малын зүй бус хорогдол нэмэгдэх, мал төллөлтөд хүндрэл учрах төлөвтэй байна.  Ийнхүү цаг агаарын хүндрэл бэрхшээл, цас зудтай байгаа энэ цаг үед орон нутагт тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажилласан Монгол улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, “ШУУРХАЙ БҮЛЭГ”-ийн ажлын хэсгийн хамт олонд Баян-Өлгий аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, нийт малчин түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

Н.Ерлан  2019.03.04