ХӨДӨӨ АЖ АХУЙН АЖИЛТНУУДЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2019 оны 03-р сарын 12, 00:00

Баян-Өлгий аймгийн ХХААГ-аас хөдөө аж ахуйн ажилтнуудын зөвлөгөөн зохион байгуулж байгаа бөгөөд  өнөөдөр 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Зөвлөгөөнд сумдын ЗДТГ-ын Хөдөө аж ахуйн тасгийн ажилтнууд, малчид, тариаланчид оролцож байгаа юм.

Зөвлөгөөнөөр салбарын 2018 оны ажлын үр дүн, 2019 онд дэвшүүлэх зорилт, мал аж ахуйн өнөөгийн нөхцөл байдал, гамшгаас сэргийлэх арга зам, малын удам зүйн бүртгэл, өрхийн тариалан, бэлчээр ашиглалтын талаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл хийж, зөвлөгөө өгч ажиллаж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцож үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ:  "Өнөөдөр мал сүргийн тоо өссөн, малчдын орлого нэмэгдсэн зэрэг эерэг үр дүн гарч, хөдөө аж ахуйн салбар аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний дийлэнх хувийг бүрдүүлж байна. Манай аймагт малын гаралтай түүхий эд, сүү, цагаан идээгээ боловсруулж, шошготой, савлагаатай бүтээгдэхүүн гаргах боломжтой юм. Тийм учраас цаашид энэ асуудлыг бодлогоор дэмжин ажиллана" гэдгээ илэрхийлэв..

Онцолж хэлэхэд 2019 онд тус аймгийн тариаланчид 1580 га-д тариалалт хийж, аймгийн төмсний нийт хэрэгцээний 80 хувь, хүнсний ногооны 22 хувийг дотооддоо хангах зорилт тавин ажиллаж  байгааг холбогдох албаны хүмүүс хэлж байлаа.

 

Н.Ерлан

2019.03.12