ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗАГВАР ТӨВ БАЙГУУЛНА

2019 оны 03-р сарын 14, 00:00

2019 оныг Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн жил болгон зарласантай холбогдуулан aймгийн Засаг дарга А.Гылымхан аймгийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Газрын дэргэд "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загвар төв" байгуулах зорилгоор “GFA Consulting group”-н хэрэгжүүлж буй “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн Олон улсын зөвлөх Иван Такач болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “GFA Consulting group”-н хэрэгжүүлж буй “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд 15-34 насны зулуучуудад зориулсан, тухайлбал Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллеж, их дээд сургуулийн оюутан, төгсөгчид, ажил хайгч залуусын хөдөлмөр эрхлэлт, тэдний хамтын ажиллагааг дэмжих загвар төв байгуулахаар тохиролцлоо.

Энэхүү загвар төвийг энэ оны 5-р сард байгуулах болсон бөгөөд үүний гол зорилго нь хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж байгаа залуучууд, ялангуяа дөнгөж сургууль төгссөн, ажлын туршлага багатай залуучуудыг идэвхжүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн шинэ үйлчилгээ, арга хэрэгслийг нэвтрүүлж, ажлын байртай болгох юм.

Мөн ажлын байранд иргэдээ зуучлах, ажлын байрны эрэлт хэрэгцээг судалж, түүнтэй тохирсон мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд анхаарах ажээ.

Дашрамд хэлэхэд өнгөрсөн онд аймгийн Засаг дарга А.Гылымхан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин орон нутгаас 100 сая төгрөг шийдвэрлэж санхүүгийн чадваргүй, хувиаараа хөдөлмөр эрхлэгч залуучуудыг ажлын байртай болгоcон.

Н.Ерлан
2019.03.14