ЭЕШ-ААС 600 БУЮУ ТҮҮНЭЭС ДЭЭШ ОНОО АВСАН СУРАГЧ, БЭЛДСЭН БАГШ НАРЫГ УРАМШУУЛНА

2019 оны 03-р сарын 14, 00:00

Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар «Цахим сорилго» компанитай хамтран Өлгий сумын ерөнхий боловсролын 12 дугаар ангийн сурагчдаас ЭЕШ-ын 10 хичээлээр өнөөдөр цахим сорилгын шалгалт авч эхэллээ.

Уг шалгалт нь сурагчдыг ЭЕШ-д бэлтгэх, ЭЕШ-ын дүнг дээшлүүлэх зорилготой байгаа ба шалгалтын үр дүнд хүүхдүүд өөрсдийн ямар түвшинд байгааг урьдчилан мэдэхээс гадна шалгалтын дэвтэр, хариултын хуудсаар ажиллаж сурах боломжтой.

Цахим сорилго шалгалтын нээлтийн үйл ажиллагаанд Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, аймгийн Засаг дарга А.Гылымхан нар оролцсон юм.

Тус арга хэмжээнд оролцсон аймгийн Засаг дарга А.Гылымхан боловсролын чанарыг дээшлүүлэх зорилтын хүрээнд АИТХ-аар хоёр дэд хөтөлбөр шинээр батлуулан Засаг даргын нэрэмжит шалгалтыг сар бүр авч ажилласнаар тодорхой үр дүнд хүрч элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээгээр өнгөрсөн онд сүүлийн 26 жилд гаргаагүй амжилтыг үзүүлж улсын хэмжээнд 3 байраар урагшиллаа. Өнгөрсөн оны ЭЕШ-аас амжилт гаргасан багш, сурагч, улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй сургуулиудыг нийт 55 сая төгрөгөөр урамшуулсан юм. Энэ хичээлийн жилд ч мөн адил 600- дээш оноо авсан сурагч, бэлдсэн багшийг 500 мянган төгрөг хүртэл, 800 оноо авсан сурагч, түүнийг бэлдсэн багш нарт 1 сая төгрөгийн урамшуулал олгоно. Үүнээс гадна хичээл тус бүрээс оны шилдэг сурагч шалгаруулж, хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу хүүхдийн баяраар гадаадад аялуулна хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.

Н.Ерлан
2019.03.14