“ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ-2019” ХОЁР САРЫН АЯН ЗАРЛАЛАА

2019 оны 03-р сарын 15, 00:00

Орон нутгийн Ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх 12 дугаар ангийн сурагчдын дунд ЭЕШ-д богино хугацаанд эрчимтэй бэлтгэх хөдөлгөөн өрнүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2019 оны 03-р сарын 12-ний өдрийн А/130 тоот захирамжаар “Элсэлтийн ерөнхий шалгалт-2019 ” 2 сарын аян зарлалаа.

Энэхүү аяныг аймгийн Засаг даргын Тамгын газар болон Боловсрол, соёл, урлагийн газар хамтран зохион байгуулж байгаа ба нээлтийн ажиллагааг 2019 оны 3 дугаар 14-ний өдөр аймгийн ХДТ-т зохион байгуулав.

Тус аяны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан, БСУГ-ын дарга Х.Зауре, БСУГ-ын МАЗН-ийн дарга А.Еркегүл, БСУГ-ын мэргэжилтэн Х.Азатбек, Дарын цогцолбор сургуулийн захирал Ш.Самат нар оролцож багш, сурагчдад зөвлөгөө өгч ажиллалаа.

Нэлтийн үйл ажиллагаанд оролцож үг хэлсэн аймгийн Засаг даргын хэлсэн үгийг бүрэн эхээр хүргэж байна.

Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгч, хүндэт эцэг эхчүүдээ!

Та бүхэний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, эрүүл энх , аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.

“Элсэлтийн Ерөнхий шалгалт - 2019” 2 сарын аяныг аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчдын дунд ерөнхий шалгалтад богино хугацаанд эрчимтэй бэлтгэх хөдөлгөөн өрнүүлэх зорилгоор зохион явуулах тухай миний бие аймгийн Засаг даргын зүгээс болон БСУГ, Нийгмийн бодлогын хэлтсээс санаачилж энэ хаврын сайхан өдөр түүний нээлтэд оролцож буй та бүхэнд баярласан талархсанаа илэрхийлье.

Орчин үеийн боловсролын үндсэн агуулга дижитал хэлбэрт шилжих шилжилтийн үед хүн төрөлхтөн зогсож, өсвөр үеийнхэнд аль болхоор чанартай прагматик боловсрол эзэмшүүлэхээр чармайж буй орны нэг нь манай Монгол орон, түүний нэг хэсэг нь манай аймаг юм.

Аймгийн Засаг Даргын зүгээс боловсролын чанарыг дээшлүүлэх талаар өөрийн мөрийн хөтөлбөртөө тодорхой зорилтуудыг тусгаж, сургалтын орчныг сайжруулж багш, сурагчдын хөдөлмөрийг зүй зохистой үнэлэх, сурлагын чанарт урамшуулалын хөшүүргийг нэвтрүүлэх, сургуулийн удирдлагын сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд байнга анхаарал тавьж ажиллаж байна.

Манай аймгийн боловсролын хөгжилд донор орнуудын хандив, тусламж тухайлбал Японы өвсний үндэс, Туркийн Тика, Дэлхийн зөн олон улсын байгууллагын зүгээс байнга дэмжлэг үзүүлж байдаг ба Дэлхийн хөгжлийн банкны 2 том төсөл хэрэгжихээр болсон явдлыг сонордуулахад таатай байна. Мөн улсын төсвийн хөрөнгөөр болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр багагүй бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж боловсролын хөгжилд хувь нэмэр оруулж байгаа ба энэ ажлууд цаашид ч хийгдэх болно.

Бид өнгөрсөн 2017-2018 оны хичээлийн жилд элсэлтийн ерөнхий шалгалтад багагүй анхаарал хандуулж Засаг Даргын нэрэмжит шалгалтыг удаа дараа явуулж багш нарын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэн, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтэх ажлыг шинэ шатанд гарган ажиллаж 2018 онд шалгалтад онцгой амжилт гаргасан багш, сурагчдыг шагнан урамшуулж, үргэлж сүүл мушгиж байдаг боловсролын салбарыг 3 байраар урагшаа ахиулж 21 дүгээр байрнаас 18 дугаар байранд орсон. Энэ үйл хэрэгт хувийн хэвшлийн ерөнхий боловсролын Дарын, Бастама, Эмпати, Зайд, Билге-Тегин болон Өлгий сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургууль, Сагсай сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиуд хошуучлан манлайлаж шагнал хүртсэн юм.

Энэ үйл ажиллагаанд шавь нараа сайн бэлтгэж эхний байранд шалгарсан аймгийн ерөнхий боловсрлын Бастама сургуулийн гадаад хэлний багш С.Базар, Дарын сургуулийн багш С.Айжанар, Зайд сургуулийн багш Т.Айнур болон Ерболат, К.Саулегүл, Болатхан, Самат, Чулуухүү, Катя, Жахия, Лаззат, зэрэг 95 багшийг бахархалтайгаар санан дурсахын хамт, элсэлтийн ерөнхий шалгалтад 800 хамгийн дээд оноог авсан Жанарбек Берик, Ханапия Бүркитбай, Бөкен Алтыншапах, Семей Гүлсина, Бауыржан Айдана, Сайранбек Нургул, Мереке Нурсауле, Тока Ахерке, Жархын Нуралы болон Дауренбек Арна, Пармен Сунхар зэрэг 700 дээш оноо авсан олон сайхан шавь нарыг дахин нэрлэхэд таатай байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтанд Англи ,Орос хэлний хичээлүүд Улсад маш дээгүүр байранд орж аймгийн хүүхдүүдийн гадаад хэлний мэдлэг нилээн сайн гэдгийг удаа дараа баталж, Математик Хими, Физикийн хичээлүүд улсын дундажыг барьж байгаа ба харин Монгол хэлний болон Ниймийн тухай мэдлэг хичээлүүд Улсын дундажаас доогуур гарсанд бид дүгнэлт хийж түүнийг засаж сайжруулах нь чухал бөгөөд болон удахгүй болох нийт төгсөгчидийг хамаарах Монгол хэл бичгийн шалгалтанд анхаарал хандуулан сайн бэлтгэх нь зүйтэй байна

Эдгээр багш, сурагчдын нөр их хөдөлмөр, уйгагүй хичээл зүтгэл, онцгой авьяас, нягт нямбай байдал бид бүхнийг байнга урагшаа дуудаж, аймгийн боловсрлын хөгжлийг байнга урагшаа татаж байх ёстой. Өнгөрсөн аливаа дутагдал, доголдол, саар бүхнээс сургамж авч, сайн зүйлээр бахархан чанартай боловсролоор оюун ухаанаа тэлж орчин үеийн олон улсын боловсролын жишгээс хоцрохгүй байх эрхэм зорилго биднийг өөрчлөн хөгжүүлэх нь зүйн хэрэг.

Чухам энэ үүднээс бид “Элсэлтийн ерөнхий шалгалт -2019” 2 сарын аяныг зохион байгуулан нээлтийг нь хийж байгаа нь аймгийн боловсролын түүхэн дэхь дурсамжтай үйл явдлын нэг юм.

Түүнээс гадна энэ арга хэмжээ аймагтаа анх удаа хийгдэж байгаагаараа онцлогтой бөгөөд, дараа дараагийн жилд уламжлал болгон хийгдэж байх болно гэдгийг цохон тэмдэглэж байна. Элсэлтийн ерөнхий шалгалт бол манай аймгийн боловсролын гол чанарын шалгуур, багш сурагчдын хамтын хөдөлмөрийн үр дүн, боловсролын байгууллага, сургуулийн үйл ажиллагааны оновчтой менежмент, нэр төр, гэдгийг бид байнга санаж, аяны хүрээнд явагдах үйл ажиллагаанд мөрдөж ажиллах дараахь хэдэн чиглэлийг санал болгож байна.

Үүнд: 
- 12 дугаар ангийн төгсөлт хийдэг сургууль бүр сонголт хийсэн бүлгүүдэд үлдсэн хугацаанд сорилт шалгалтын оновчтой аргаар туршилт, давталт, нэмэлт хичээл явуулж үр дүнгийг нь тооцож, Дарын, Бастама, 5-р сургуулиудын туршлагыг судлан хэрэгжүүлэх, тэргүүлэх, арга зүйч багш нараар үнэ төлбөргүй хичээл заалгах, шалгалтад чанартай бэлтгэх, байнгын ажлын хэсэг ажлуулах, эцэг эхчүүдийн энэ аяны үйл ажиллагаанд оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд бүрээр тулж ажиллах.

- Аймгийн Боловсрол Соёл урлагийн газраас арга зүй, удирдлагаар хангах, нэгж бүрийг хариуцсан мэргэжилтэнүүд даалгаврыг гүйцэтгэх шилдэг технологи, аргыг олж хайн нэвтрүүлэх, шаардлагатай зөвлөмж, ном, сурах бичгээр хангах, цахим даалгавар, сорилт гүйцэтгүүлэх.

- Аяны хугацаанд эцэг эхчүүд сурууль, боловсролын байгууллагатай нягт хамтран ажиллах, ил тод байдлаар санал солилцох, хүүхдээ нэмэлт хичээл давтлага, сургалтад хамруулах талаар хичээж ажиллах нь чухал юм. 
Хүүхэд бүр өөрийн сонгосон мэргэжлийн дагуу сонголт хийсэн хичээлүүдийн онол, практикийн ухагдахууныг байнга давтан харж ой ухаандаа хадгалж, аль болохоор бага алдаа гаргахыг хичээж, багш эцэг эхчүүдийн хөдөлмөр зүтгэлийг зүй ёсоор үнэлж, итгэлийг зүтгэлээр хариулахын тулд хичээн хөдөлмөрлөж, ирээдүйд сайн мэргэжил эзэмшиж, сайн сайхан амьдрахын төлөө зүтгэх нь чухал гэдийг тэмдэглэж энэ хариуцлагатай цаг мөч тулан ирсэн гэдгийг онцгой анхааруулан сануулж байна.

Хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид, хайрт сурагчид, эрхэм мэргэжилтэн ажилтнууд аа.

Боловсрол аливаа үйл ажиллагаа хамтын хөдөлмөрөөр хэмжигдэн хэрэгждэг багийн ажил учраас энэ багт багтаж буй хүн бүхэн өөрийн хариуцлага, үүрэг, байр сууриа мэдэж, хичээн ажиллаж тодорхой үр дүнд хүрнэ гэдгийг дахин давтан хэлж, элсэлтийн ерөнхий шалгалтад урьд оныхоос улам их амжилт гаргахыг та бүхэнд уриалж байна.

Ийм амжилтад хүрнэ гэдэгт та бүхэнд итгэж, итгэл хүлээлгэж хамтран ажиллахыг хүсэж, амжилтын төлөө чармайн ажиллахыг бас үүрэг болгож “Элсэлтийн ерөнхий шалгалт -2019” 2 сарын аяны нээлтийн ажиллагаа нээснийг мэдэгдье.

Элслэлийн ерөнхий шалгалтанд сайн бэлтгэж та бүхэнд өндөр амжилт гаргахыг хүсье” гэв

Н.Ерлан
2019.03.15