АЙМГИЙН ХҮҮХДИЙН НЭГДСЭН VII ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019 оны 03-р сарын 20, 00:00

Баян-Өлгий аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн Зөн Монгол ОУБ-тай хамтран Хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, дуу хоолойг сонсож, тэдний гаргасан санал, зөвлөмжийг эрх бүхий нутгийн захиргаа байгууллагын шийдвэр гаргах түвшинд хүргэж шийдвэрлүүлэх, хүүхдийн оролцооны байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Эмпати сургуулийн хурлын танхимд “Хүүхдийн хөгжил-Аз жаргалтай ирээдүй” аймгийн хүүхдийн нэгдсэн VII чуулганыг зохион байгууллаа.

“Хүүхдийн хөгжил-Аз жаргалтай ирээдүй” аймгийн хүүхдийн нэгдсэн VII чуулганд 250 гаруй сурагч, эцэг-эхийн төлөөлөл, сургуулийн захирал, нийгмийн ажилтнуудаас бүрдсэн нийт 320 гаруй төлөөлөгч оролцов.

Чуулганыг аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн А.Гылымхан, ГБХЗХГ-ын дарга Т.Нансалмаа, ДЗМОУБ-ын ОНХХ-ийн зохицуулагч Ж.Маржан нар нээж, ЦГ-ын дарга хурандаа Т.Батхүү, ЭМГ-ын дарга С.Айгүл нар мэндчилгээ дэвшүүлж хүүхэд багачуудад амжилт хүссэн юм.

Энэ үеэр сурагч хүүхдүүд маань орон нутгийн удирдлагын түвшинд шийдэх асуудлуудаа бичиж аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн А.Гылымханд гардуулж, сургуулийн орчинд тулгамдаж байгаа асуудлын талаар гаргасан санал, хүсэлтийг нэгтгэн зөвлөмж боловсруулж сургуулийн захирал, нийгмийн ажилтуудад гардуулж, биелэлтийг нь хангаж ажиллахыг хүслээ.

Харин аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн А.Гылымхан энэ удаагийн чуулганаас гарсан хүүхдүүдийн санал уриалгыг төрийн бодлого чиглэлд тусгаж хэрэгжилтийг ханган ажиллахаа илэрхийлэв.

Н.Ерлан
2019.03.20