БАЯН-ӨЛГИЙЧҮҮД НАУРЫЗ БАЯРАА ӨРГӨН ДЭЛГЭР ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

2019 оны 03-р сарын 22, 00:00

Үртэй бүхэн үржиж, үндэстэй бүхэн ургах урин цагийн эхлэл болсон билэг дэмбэрэлт өдөр тохиодог, өнө эртний уламжлалт “Наурыз”-ын баяр бол казах түмний өвөг дээдсээс нь уламжлагдаж ирсэн онцлогтой баяр юм.

Гуравдугаар сарын 22-ний энэ өдөр тохиож байгаа Казах түмний “Наурыз”-ын баярыг Баян-Өлгийчүүд аймгийн төв талбайд өргөн дэлгэр тэмдэглэж байна.

“Наурыз”-ын баярын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Солтан, С.Эрдэнэ, Д.Мурат, Б.Наранхүү, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан, Засаг даргын оролгч Ш.Хавыл, А.Камелият, ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат, ЗДТГ-ын дарга Х.Тилеген, Өлгий сумын ИТХ-ын дарга Х.Даулетбек, Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Х.Бахытхумар нар оролцож, эх орны өнцөг булан бүрт аж төрөн амьдарч байгаа нийт казах иргэддээ болон нутгийн зон олондоо баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Тэрээр аймгийн Засаг дарга А.Гылымхан баярын нэгдсэн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ: Өнгөрсөн онд аймагт 51 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, эдийн засгийн гол үзүүлэлт болох аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 5.7 хувиар өсч, 348.3 тэрбумд хүрсэн амжилтаар хаврын баяраа угтаж байгааг онцоллоо.

Мөн Наурыз баярын босгонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн хоёр иргэн "гавьяат" цол хүртэж, 100 гаруй иргэн төрийн дээд одон, медалиар шагнагдсан явдалд Наурыз-ын баярын хүндэтгэлийн индрээс баяр хүргэж ажлын амжилт хүслээ.

Энэ жилийн “Наурыз”-ын баярт домборчин хүүхэд домбор тоглож, наадамчин олныг баясгасан бол “Наурыз”-ын баярын үйл ажиллагаа үндэсний уламжлалт ёс заншлыг харуулсан баярын парадаар үргэлжилж хүүхэд өлгийдөх, бэр буулгах, зэрэг үзүүлбэрүүдийг сонирхууллаа.

 
Н.Ерлан
2019.03.22