Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад оролцдог албан хаагчид сургалтад хамрагдаж байна

2019 оны 03-р сарын 28, 00:00

Монгол улсын Засгийн газар - Сангийн яамны хэрэгжүүлж буй “Тогтвортой амьжиргаа-3” төслөөс “Орон нутгийн хөгжлийн сангийг төлөвлөх болон төсөл, арга хэмжээг эрэмбэлэх” сэдэвт сургалтыг улс орон даяар зохион байгуулж байна.

“Тогтвортой амьжиргаа-3” төсөл нь Монгол улсын нийт 330 сумын Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг сайжруулах зорилготой хэрэгждэг бөгөөд Сангийн сайдын 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 228 дугаар тушаалаар шинээр батлагдсан “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам”-ын хүрээнд 5 бүлэг бүхий гарын авлагыг боловсруулж, Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад оролцдог төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Орон нутгийн хөгжлийн санг иргэдийн оролцоотой төлөвлөх болон төсөл, арга хэмжээг эрэмбэлэх нь” сэдэвт сургалтыг 03 дугаар сарын 25-аас эхлэн 4 дүгээр сарын 02- ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт зохион байгуулж байна.
Энэхүү сургалтад 13 сумын багийн Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын дарга, сумын ОНХС-ийн ажлын хэсгийн гишүүд нийт 130 орчим хүн хамрагдаж, мэдлэг ур чадвараа дээшлүүлж байна.
 
Сургалтыг Тогтвортой амьжиргаа-3 төслийн техникийн ахлах мэргэжилтэн М.Энхбатаар ахлуулсан 3 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ирж зохион байгуулж байгаа бөгөөд орон нутгаас төслийн ажилтан Х.Болашах хамтран ажиллаж байна.
 
Энэхүү сургалтад оролцогчид ОНХС-ийн үйл ажиллагаанд иргэдийг идэвхтэй оролцуулах, ирсэн саналыг зөв зүйтэй нэгтгэх, эрэмбэлэх зэрэг чадваруудыг эзэмшсэнээр иргэдийн бодит хэрэгцээнд тулгуурласан хөгжил, бүтээн байгуулалтыг сумын түвшиндээ бий болгох боломж нэмэгдэх юм.
 
Сургалтын нээлтийн үйл ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Тилеген нээж сургалтын ач холбогдол, “Орон нутгийн хөгжлийн сангийг төлөвлөхөд гаргасан алдаа дутагдал, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч, сургалтын үйл ажиллагаанаас амжилт хүслээ.
 
Н.Ерлан
2019.03.26