“ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖЬЕ-ХАРИУЦЛАГАТАЙ ХЭРЭГЛЭЭ” ЗӨВЛӨГӨӨН БОЛНО

2019 оны 03-р сарын 29, 00:00

МУ-ын Засгийн газрын 2019 оны 23, 59 дүгээр тогтоол, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын “Хариуцлагатай хэрэглээ-Хэрэглэгчийн эрхийн жил-2019” болгон зарласан шийдвэр, аймгийн Засаг даргын МУ-ын Шадар сайдтай байгуулсан гэрээний биелэлтийг хангах ажлын хүрээнд аюулгүй бараа бүтээгдэхүүнээр хангах, соёлтой хэрэглээг бий болгох, зах зээлд бизнес эрхлэгчдийг шударгаар өрсөлдөх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 оны 04-р сарын 01-ний өдөр Өлгий сумын ЕБ-ын 1-р сургуулийн хурлын зааланд “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжье-Хариуцлагатай хэрэглээ” нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулагдах юм.

Зөвлөгөөнд аймаг, сумдын удирдлагууд болон бизнес эрхлэгчид, сумдын хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус зөвлөлийн гишүүд, ТББ-ын төлөөлөл, иргэд, хэвлэл мэдээллийн төлөөлөл зэрэг нийт 300 орчим хүн хамрагдана.

Зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ, Гаалийн газар, МХГ, СХЗХэлтэс, ХХААГазар, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөл, ХЭАХН, Файн ноос ХХК, Дэлхийн зөн Монгол ОУБ –ууд хамтран зохион байгуулна.

Н.Ерлан
2019.03.29