ЯПОНЫ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР ӨЛГИЙ СУМЫН 4 ДҮГЭЭР СУРГУУЛЬД ИХ ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭХЭЭР БОЛЛОО

2019 оны 03-р сарын 29, 00:00

Япон Улсын Засгийн газрын "Өвсний үндэс Хүний аюулгүй байдлыг хангах" хөтөлбөрийн санхүүжилтээр Өлгий сумын дөрөвдүгээр бүрэн дунд сургуулийн хичээлийн байранд их засвар хийхээр боллоо. Тодруулбал: 2019 оны 03-р сарын 27-ний өдөр Өлгий сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн засварын ажлыг 79456 ам. долларын санхүүжилтээр хийх гэрээнд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Масаота Такаока Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан нар гарын үсэг зурлаа.

Тус сургуулийн хичээлийн байр нь 1987 онд ашиглалтад орсон, түүнээс хойш их засвар хийгдээгүй ба дотор халаалтын систем нь муудаж, халаах хэрэгсэл нь лаг, хаганд баригдан эргэлтгүй болсноос өвлийн улиралд хичээл явуулахад хүндрэлтэй байсан юм. Харин уг асуудалд аймгийн удирдлагууд онцгой анхаарч “Өвсний үндэс хөтөлбөрт” хамруулахаар удаа дараа хүсэлт тавьж, холбогдох хүмүүстэй хамтарч ажилласны үр дүнд ийнхүү шийдвэрлүүллээ.

Энэхүү төслийн хүрээнд уг сургуулийн засварласнаар 2 мянга гаруй хүүхэд эрүүл, аюулгүй орчинд хичээллэх боломжтой болох юм. Онцолж хэлэхэд “Өвсний үндэс хөтөлбөр” манай аймагт анх 1997 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд нийт 19 төсөл амжилттай хэрэгжин 1145000 америк долларын хөрөнгө оруулалт хийгдсэн бол ихэнх төсөл арга хэмжээ нь эрүүл мэнд, боловсролын салбарт хэрэгжсэн байна.

 
Н.Ерлан
2019.03.29