“ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖЬЕ - ХАРИУЦЛАГАТАЙ ХЭРЭГЛЭЭ” ЗӨВЛӨГӨӨНӨӨС ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА

2019 оны 04-р сарын 02, 00:00

Аймгийн засаг даргын Тамгын газар, Гаалийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Хөдөө аж ахуйн газар, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөл, ХЭАХН, Файн ноос ХХК, Дэлхийн зөн Монгол ОУБ –ын орон нутаг дахь хөтөлбөрийн газар хамтран “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжье-Хариуцлагатай хэрэглээ” нэгдсэн зөвлөгөөн зохион байгууллаа.

Тодруулж хэлбэл: МУ-ын Засгийн газрын 2019 оны 23, 59 дүгээр тогтоол, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын “Хариуцлагатай хэрэглээ-Хэрэглэгчийн эрхийн жил-2019” болгон зарласан шийдвэр, аймгийн Засаг даргын МУ-ын Шадар сайдтай байгуулсан гэрээний биелэлтийг хангах ажлын хүрээнд аюулгүй бараа бүтээгдэхүүнээр хангах, соёлтой хэрэглээг бий болгох, зах зээлд бизнес эрхлэгчдийг шударгаар өрсөлдөх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 оны 04-р сарын 01-ний өдөр Өлгий сумын ЕБ-ын 1-р сургуулийн хурлын зааланд “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжье-Хариуцлагатай хэрэглээ” нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулсан бөгөөд зөвлөгөөнд аймаг, сумдын удирдлагууд болон бизнес эрхлэгчид, сумдын хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус зөвлөлийн гишүүд, ТББ-ын төлөөлөл зэрэг нийт 200 орчим хүн хамрагдаж санал бодлоо солилцож, хамтарсан зөвлөмж гаргалаа.
 
Мөн зохион байгуулагч мэргэжлийн байгууллагууд хүнсний аюулгүй байдлын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал, аюулгүй ухаалаг бараа, бүтээгдэхүүн, хэрэглэгч ба төрийн бус байгууллагууд, дотоодын нөөц бололцоог ашиглан экспортын чиглэлийн бизнесийг дэмжих зэрэг сэдвээр мэдээлэл өглөө.
 
“ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖЬЕ-ХАРИУЦЛАГАТАЙ ХЭРЭГЛЭЭ” ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОГЧДООС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖИЙГ ДООР ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.
 
НЭГ: ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ХААГЧДАД:
 
1. Зайлшгүй дэмжих шаардлага бүхий үйлдвэрүүдийн жагсаалт, дэмжлэг үзүүлэх зардлын тооцоог урьдчилан тооцох замаар Жижиг, дунд үйлдвэрийг орон нутагтаа хөгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг тухайн шатны жил бүрийн төсөвт тусган баталж байх. Үүнд арьс шийр, ноосны үйлдвэр, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр г.м.
 
2. Засгийн газрын 223 дугаар тогтоолоор батлагдсан “Хүнсний ногоо” хөтөлбөрийн хүрээнд экологийн цэвэр бүтээгдэхүүнээр орон нутгийн иргэдийн хүнсний ногооны хэрэгцээг Баяннуур, Алтанцөгц сумаас хангах зорилт тавьж ажиллах, эдгээр сумын газар тариалан эрхлэгчдэд шаардагдах хөрөнгийг төсөл, хөтөлбөрт хамруулах асуудлыг УИХ-ын гишүүд болон ХХААХҮ-ийн яаманд уламжлан шийдвэрлүүлэх.
 
3. Засгийн газрын 59 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх “Эх оронч худалдан авалтын жил”-ийн хүрээнд дотоодод үйлдвэрлэсэн үндэсний бараа бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэхийг нийт аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагууд мөрдөж ажиллах
 
4. Тус аймгийн үндэсний онцлогийг болон байгаль цаг уурын онцлогийг харгалзан жил бүрийн бренд бүтээгдэхүүнийг шалгаруулах / өмнөх онд шалгарсан бүтээгдэхүүнийг дахин шалгаруулахгүй/ замаар аймгийн нэрийн бренд бүтээгдэхүүнийг бий болгох
 
5. Бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, стандартыг мөрдүүлж хэвшүүлэх иргэн аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчлах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, мэдээ мэдээллээр хангах холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийн байдалд хяналт тавих
 
6. Аймаг сумдын удирдлагууд болон ЖДҮйлдвэр эрхлэгчид, бизнес эрхлэгчид аюулгүй, ухаалаг бараа, бүтээгдэхүүнээр хангах, соёлтой хэрэглээг бий болгох, зах зээлд бизнес эрхлэгчдийг шударгаар өрсөлдөх боломжийг нэмэгдүүлэх, үр ашигтай, тогтвортой бизнесийн орчныг бий болгох зорилтын хүрээнд жил бүр хавар, намрын улиралд үзэсгэлэн худалдаа зохион байгуулах
 
ХОЁР. АЖ, АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ, БИЗНЕС ЭРХЛЭГЧИДЭД:
 
1. Хүнсний үйлдвэр, худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэгчид Хүнсний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтад “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд дотоод хяналтыг хэрэгжүүлж, хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийхээ чанар эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцан гэж заасныг мөрдлөг болгон, Засгийн газрын 2014 оны 157 тогтоолоор батлагдсан “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид дотоод хяналтыг хэрэгжүүлэх үлгэрчилсэн журам” –ийн дагуу дотоод хяналтыг зохион байгуулж ажиллах.
 
2. Хүнсний худалдааны газрууд хаяг шошгогүй болон шошгын мэдээлэл дутуу, үйлдвэрлэсэн огноо бичигдээгүй, хадгалах хугацаа богино хүнсний бүтээгдэхүүнийг хүлээн авахгүй шууд буцаадаг тогтолцоонд шилжиж ажиллах. Хүнсний бүтээгдэхүүний шошгод мэдээллийг тусгахдаа Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12-р зүйлийн 12.4-12.8 хүртэлх заалтууд болон “Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын шошголтод тавих шаардлага” MNS 66:48-2016 стандартын шаардлагын баримтлах.
 
3. Хоол үйлдвэрлэлийн хэсгийн өрөө тасалгааны хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, урсгалыг зөв болгох, хүнсний бүтээгдэхүүнийг шошгод заасан нөхцөлд хадгалах, хадгалалтын нөхцөлд тогтмол хяналт тавьж ажиллах;
 
4. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудалд хэрэглэгч, үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлэгч иргэн, хуулийн этгээдийн үүрэг хариуцлагыг дээшлүүлж,иргэдийн хэрэглээний соёл, мэдлэгт анхаарч, төр,төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг сайжруулах .
 
ГУРАВ: ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАД :
 
1. Бүх төрлийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд нийтлэл, нэвтрүүлгийнхээ бодлогын төвд хэрэглэгчийн эрхийг хамгаалах үзэл санааг агуулж, хэрэглэгчийн эрхийг хамгаалсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцох:
 
2. Орон нутгийн радио, телевиз, сонин хэвлэлд “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжье-хариуцлагатай хэрэглээ” сэдэвт нээлттэй булан ажиллуулж үйл ажиллагаагаа сурталчлах;
 
“Үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж -хариуцлагатай хэрэглээг” бий болгох ажилд бүх шатны төрийн байгууллага, аж, ахуйн нэгж байгууллага, худалдаа үйлчилгээ, бизнес эрхлэгчид хэвлэл мэдээллийн байгууллагууд болон иргэд өөрсдөөс хамаарах бүхнийг чин сэтгэлээсээ хамтран ажиллаж хэрэглэгчийн эрхийг зөрчсөн аливаа зөрчилд эвлэрэхгүй хуулийн хүрээнд ажиллахыг ЗӨВЛӨЖ байна.
 
Н.Ерлан
2019.04.02