ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ-2019 АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО

2019 оны 04-р сарын 04, 00:00

Өнөөдөр /2019.04.04/ “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй-2019“ нэг сарын аяны нээлт Өлгий сумын 3-р багт байрлах Агайын ХХК-ийн гүйцэтгэж буй сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын талбайд болж, Нээлтэд аймгийн Засаг дарга А.Гылымхан, Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамед, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Сьезхан, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Т.Өсерхан, ГХБХБГ-ын дарга К.Болат, Суат ХХК-ны захирал Ж.Адалбек, Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга А.Кеншилик, МСҮТ-ийн захирал И.Жанболат нар болон ажил олгогч, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, ХАБЭА хариуцсан ажилтнууд зэрэг 30 гаруй байгууллагаас 200 гаруй хүн оролцлоо.

“Эрүүл, аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” уриан дор улс орон даяар зохион байгуулагдаж буй уг арга хэмжээний гол зорилго нь үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлд хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэвшилтэд технологийг нийтийн хүртээл болгох, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх юм.

Тухайлбал аяны хүрээнд аюул эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтэд болон байгууллагуудад хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийхээс гадна “ХАБЭА-н мэргэшсэн ажилтан” бэлтгэх сургалт зохион байгуулж, ЕБСургуулийн сурагчдын дунд “Аюулгүй орчин гэрэлт ирээдүй” сэдэвт зургийн уралдаан, багш эрдэмтэдийн дунд ХАБЭА-н шилдэг илтгэлийн уралдаан зарлаж, аянд оролцогч байгууллагуудын дунд спортын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөгдсөн байна.

Мөн аюул, эрсдлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж боловсруулан аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлж, биелэлтийн хангуулан ажиллах зэрэг нийт 19 төрлийн ажил хэрэгжүүлэхээр боллоо.

Онцолж хэлэхэд энэхүү аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулснаар үр дүнгээ өгч, манай аймгийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой зөрчил өнгөрсөн онд 25 хувиар буурсан үзүүлэлттэй байгааг холбогдох албаны хүмүүс хэлж байлаа.

Аян 4-р сарын 1-ээс 5-р сарын 1 хүртэл үргэлжлэх ба тайланг энэ сарын 25-ны дотор хүлээн авч нэгтгэж, үр дүнг дүгнэх юм.

Н.Ерлан.

2019.04.04