Баян-Өлгийд 12-18 мвт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц байгуулахаар ажиллаж байна

2019 оны 04-р сарын 05, 00:00

Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумын нутагт 12-18 МВт-ын хүчин чадалтай, Майхан толгойн усан цахилгаан станц барьж байгуулахаар УИХ-ын гишүүн асан Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейханаар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж байна.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан Засаг даргын орлогч Ш.Хавыл, А.Камелият болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын удирдлагууд дээрх ажлын хэсгийнхнийг хүлээж авч уулзлаа.

Уулзалтаар аймгийн төвөөс 97 км зайд орших Хар нуур болон Хотон голын эрэг дээр барих Майхан толгойн усан цахилгаан станцын ТЭЗҮ, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ болон Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн хийлгэх зэрэг зарим асуудлуудын талаар ярилцаж харилцан санал солилцлоо.

Мөн энэ үеэр аймгийн Засаг дарга А.Гылымхан байгаль орчинд ээлтэй, орчин үеийн техник, технологийн дэвшлийг ашиглан эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, иргэдэд хямд үнэ, өртөг бүхий эрчим хүч нийлүүлэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа явдалд аймгийн удирдлагуудын зүгээс болон ард иргэдийн өмнөөс талархал илэрхийлж, станц барьж байгуулах ажлыг энэ онд эхлүүлэх саналыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд болон төслийн хөрөнгө оруулагч талд тавьж, бүх талаараа дэмжиж ажиллахаа илэрхийлээ.

Тус станцыг барихад нийт 17.5 сая ам. доллар буюу 46 тэрбум төгрөг шаардагдах ба төслийг санхүүжүүлэхээр Герман улсаас хувийн хэвшлийн компаниуд хөрөнгө оруулалт хийхээр хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.

Хэрэв энэ станц баригдаж ашиглалтад орсноор Баян-Өлгий аймагт шинээр олон ажлын байр бий болж, Баруун бүсийн эрчим хүчний систем импортын эрчим хүчний хараат байдлаас гарах боломж бүрдэнэ хэмээн албаны хүмүүс хэлж байлаа.

Онцолж хэлэхэд Майхан толгойн УЦС-ын усан санд байгалийн нуурыг ашиглан түүнд мөстөл, цас мөсний эх үүсвэртэй голуудын усыг Хар нуурт хуримтлуулан цахилгаан эрчим хүч гаргаж авах бол УЦС-ыг байгуулах, ашиглах үед айл өрх, байшин барилгыг нүүлгэх асуудал гарахгүй, бэлчээр, хадлан, тариалан, ой мод, ан амьтанд хохирол учруулахгүй гэдгээ төслийг санаачлагч, гүйцэтгэгч компани болох “Усны эрчим” ХХК-ны ерөнхий захирал, доктор (Ph.D) , Монгол Улсын Зөвлөх инженер, Олон Улсын усны Эрчмийн холбооны гишүүн Б.Дагвадорж уулзалтын үеэр онцоллоо.

МАЙХАН ТОЛГОЙН УЦС-ЫГ ТОВЧ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА:

1. Баян-Өлгий аймгийн төвөөс 97 км зайд орших Хар нуур болон Хотон голын усны түвшингийн 418 метрийн зөрүүг ашиглан барих энэхүү Майхан толгойн станц ашиглалтад орсноор жилд дунджаар 50 сая кВт.ц буюу тус аймгийн цахилгаан эрчим хүчний өнөөгийн хэрэглээнээс 2 дахин илүү хэмжээний цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой болох юм.

2. Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар дамжуулан Өлгийн дэд станцад хүргэж Баруун бүсийн эрчим хүчний системд нийлүүлснээр, Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн хэрэглэгчдийг хангах боломж бүрдэнэ.

3. Майхан УЦС-ын усны эх үүсвэрт 3800 метр өндөржилтэд орших Цэнгэлхайрхан нурууны баруун талын 3 голын усыг хоолойгоор дамжуулан байгалийн Хар нуурт оруулж хуримтлуулан, түүнээс туннель, түрэлтийн хоолойн байгууламжаар дамжуулан Хотон голын эрэгт байрлах УЦС-ын байгууламжид хүргэж 12-18 МВТ-ын чадалтай эрчим хүч гаргах аж.

Н.Ерлан
2019.04.05