Шинжлэх ухааны доктор Б.Базылхан агсны нэрэмжит монгол хэл, бичгийн олимпиад зохион байгуулагдлаа

2019 оны 04-р сарын 05, 00:00

Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, монгол, түрэг судлаач эрдэмтэн Б.Базылхан агсны нэрэмжит монгол хэлний болон монгол бичгийн уншлагын олимпиадыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгууллаа.

Тодруулж хэлбэл: Сурагчдын монгол хэл, бичгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор өнгөрөгч 2 дугаар сарын 28-ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 42 дугаар тогтоол гарч, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, монгол, түрэг судлаач эрдэмтэн Б.Базылхан агсны нэрэмжит монгол хэлний болон монгол бичгийн уншлагын олимпиадыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулахаар шаардагдах хөрөнгийг шийдвэрлэсэн юм.

Дээрх шийдвэрийн дагуу тус олимпиад нь аймгийн ЕБСургуулиудын 6-12 дугаар ангийн сурагчдын дунд өнөөдрөөс эхлэж Өлгий сумын 4 дүгээр сургуульд зохион байгуулагдлаа. Aрга хэмжээний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан болон холбогдох байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд оролцож, олимпиадад оролцогчдод баяр хүргэж, амжилт хүслээ.

Н.Ерлан
2019.04.05