АЙМГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АНХДУГААР ЧУУЛГАН БОЛЛОО

2019 оны 04-р сарын 14, 00:00

Өнөөдөр /2019.04.13/ Баян-Өлгий аймгийн Засаг даргын ивээл дор “Хүүхдийн хүмүүжилд эмэгтэйчүүд бидний оролцоо ” сэдэвт аймгийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган зохион байгуулагдлаа.

 
Эмэгтэйчүүдийн анхдугаар чуулганыг аймгийн ИТХ, ЗДТГ, Монголын эмэгтэйчүүдийн холбооны аймаг дахь салбар зөвлөл, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Дэлхийн зөн монгол ОУБ-ын орон нутаг дахь хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулсан бөгөөд зөвлөгөөнд аймгийн Засаг дарга, хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн А.Гылымхан, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч хатагтай Б.Оюунгэрэл, аймгийн ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Т.Батсүх, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Т.Нансалмаа, Монголын эмэгтэйчүүдийн холбооны аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн К.Майрагүл тэргүүтэй албаны хүмүүс болон 300 гаруй эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцож, санал бодлоо илэрхийллээ.
 
Мөн энэхүү арга хэмжээнд салбар бүрийн холбогдох мэргэжилтнүүд оролцож хүүхэд хамгаалал, хүүхэд хүмүүжлийн асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцсэнээрээ онцлогтой болсон юм.
 
Өөрөөр хэлбэл, хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар холбогдох мэргэжилтнүүд илтгэл тавьж, чуулганд оролцогчид санал бодлоо илэрхийлэн, 12 заалт бүхий хамтарсан уриалга гаргаж аймгийн Засаг даргад уламжиллаа.
 

Сонордуулахад чуулганд оролцогчид хүүхэд гэр бүл, эцэг эх, олон нийтийн санамсаргүй үйлдэл, хайхрамжгүй байдлаас шалтгаалж хүүхэд янз бүрийн эрсдэл, хүчирхийлэлд өртөх үзэгдэл буурахгүй байна. Энэ нь хүүхдийн эрх болон тэднийг хамгаалах эрх зүйн орчин нөхцөл хангалтгүй, хүүхэд хамгааллын талаарх ойлголт мэдлэг томчуудын дунд хомс, амьдралын буруу дадал хэвшил, хүүхдийн өмнө хүлээх үүрэг хариуцлага, ухамсар дутмаг зэрэг олон шалтгаантай холбон тайлбарлаж байлаа.

Мөн энэ асуудалд аймгийн зүгээс анхаарал хандуулан, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа болон тэдний өсөж, хүмүүжих, сурч, боловсрох нөхцөлд ямар бэрхшээл байгааг тодорхойлох зорилгоор зохион байгуулж буй энэ удаагийн чуулган цаг үеэ олсон ажил болсон хэмээн онцлов.

“Хүүхдийн хүмүүжилд эмэгтэйчүүд бидний оролцоо сэдэвт чуулганаас гаргасан уриалгыг доор танилцуулж байна

УРИАЛГА

Хүүхдийн асуудалтай холбоогүй нэг ч хүн, нэг ч айл өрх, нэг ч албан байгууллага гэж үгүй билээ.

Иймд та бидний ирээдүй, залгамж халаа болсон хүүхдийн хөгжил төлөвшилд гэр бүлийн суурь хүмүүжил, эцэг, эхийн үлгэр дуурайлал чухал тул уг зөвлөгөөнөөс дараах уриалгыг гаргаж байна.

Үүнд: 
1. Хүүхэд бүрт өөрийгөө хөгжүүлэх, илэрхийлэх, сурч боловсрох, аюулгүй орчинд айдас, хүчирхийлэлгүй амар тайван амьдрах боломж олгоцгооё.

2. Эхчүүд бид хүүхдүүддээ зөв үлгэр дуурайлал үзүүлж, бахархан дууриах хүн нь байцгаая

3. Аливаа муу зуршилд автахаас сэргийлэн, эцэг, эхчүүд өөрсдөө үлгэрлэцгээе.

4. Хүүхдэд хүнийг хайрлан хүндэтгэх, энэрэх, ойлгон уучлах, асран халамжлах, итгэн туслах ухамсрыг төлөвшүүлцгээе.

5. Үр хүүхэд, хойч үедээ соёлтой, эрдэм боловсролтой ардын ёс заншил, арга билгийг өвлүүлэн, хүүхдийг уламжлалт аргаар хүмүүжүүлцгээе

6. Цахим орчны хэрэглээг хянаж, хүүхдүүдтэйгээ ярилцах цаг гаргацгаая.

7.Өдөр бүр тодорхой цагийг зөвхөн хүүхдүүддээ зориулж анхаарал хандуулъя

8. Хүүхдээ чихээрээ бус зүрхээрээ сонсоцгооё

9. Хүүхэд нэг бүрийн сайн сайхны төлөө хүүхэд бүрийг өөрийн хүүхэд мэт хандан буруу үйлдлийг нь шүүмжилж, сургааль зөвлөгөөгөө харамгүй өгцгөөе.

10. Аливаа баяр ёслолын арга хэмжээг архигүй тэмдэглэж өнгөрүүлэхийг бусаддаа уриалцгаая

11.Эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, сургууль,төрийн бус байгууллагууд хүүхдийн төлөө хамтын ажиллагааг сайжруулъя.

12.Хүүхдийн хүмүүжилд эхчүүд бид манлайлагч нь байх үүргээ нэр төртэй биелүүлцгээе

Уриалга гаргасан “ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮД БИДНИЙ ОРОЛЦОО” сэдэвт чуулганд оролцогчид

2019.04.13
Н.Ерлан