“ЭРҮҮЛ ШҮД ЭРҮҮЛ ХҮҮХЭД” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРТ БАЯН-ӨЛГИЙ АЙМГААС 23 МЯНГАН ХҮҮХЭД ХАМРАГДАНА

2019 оны 04-р сарын 22, 00:00

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 255 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн нээлтийг 4 дүгээр сарын 22-ны өдөр улс, орон даяар зохион байгуулж байгаатай холбогдуулан нээлтийн арга хэмжээг аймгийн О.Бахытын нэрэмжит спорт цогцолборт зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Т.Өсерхан, Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл болон мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах байгууллагын мэргэжилтнүүд, эмч нар, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шалгарсан эмнэлгийн төлөөллүүд оролцлоо .

Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30 хувиар, цоорлын эрчмийг дөрвөн нэгжээр бууруулахыг зорьж байгаа юм.

Энэ онд 2-6 насны хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүй эрүүлжүүлж эмчлэх бөгөөд нэг хүүхэд 60 мянган төгрөгийн үйлчилгээ авах аж.

Харин манай аймгийн хэмжээнд 2-12 настай 23 мянган хүүхэд байгаагаас энэ онд 2-6 настай 13203 хүүхэд үзлэг шинжилгээнд хамрагдах юм байна.

Н.Ерлан
2019.04.22
 
Баян-Өлгий аймагт 2-12 насны хүүхдүүдэд үйлчлэх шүдний эмнэлгүүдийн нэр, утасны дугааруудыг танилцуулж байна
 
Үүнд:
- Азу тис эмнэлэг, 99012977
- Ахмеруерт -Тис эмнэлэг, 99427070
- Маржан эмнэлэг, 95428991
- Санди тис эмнэлэг, 99428908
- Хосхүү дент, 95421919