Aймгийн засаг даргын ивээл дор “ИРЭЭДҮЙН ОДОД” хүүхдийн урлагийн их наадам зохион байгуулагдлаа

2019 оны 04-р сарын 23, 00:00

Баян-Өлгий аймгийн Засаг даргын ивээл дор “Ирээдүйн одод” хүүхдийн урлагийн их наадам энэ сарын 22-ний өдөр Өлгий хотод зохион байгуулагдаж нийт 23 сургуулиас 350 орчим хүүхэд оролцлоо.

Тодруулж хэлбэл: Монгол улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн 6-18 хүртэлх насны хүүхдийн дунд “ “Ирээдүйн одод” Хүүхдийн урлагийн их наадам”-ыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Хөгжимт драмын театр, Дэлхий зөн Монгол ОУБ-ын орон нутаг дахь хөгжлийн хөтөлбөр хамтран аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгууллаа.

Баян-Өлгий аймагт амьдарч байгаа Казах, Урианхай, Дөрвөд, Тыва түмний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх, сурталчлах, багш, сурагчдын ур чадварыг нэмэгдүүлж, авьяасыг хөгжүүлэх, ардын урлагийн шинэ залуу үеийг бэлтгэх зорилгоор зохион байгуулагдсан тус наадам нь дууны, бүжгийн, хөгжмийн, язгуур урлаг зэрэг урлагийн 11 төрлөөр явагдсан бөгөөд төрөл тус бүрд алт, мөнгө, хүрэл медаль, мөн тусгай байруудын эздийг шалгаруулсан юм.

Тухайлбал: Хүүхдийн урлагийн их наадамд дууны төрлөөр Сагсай сумын ЕБ-ын сургуулийн сурагч Е. Ахтилек /6-13 нас/, Ногооннуур сумын ЕБ-ын сургуулийн сурагч Н.Рысгүл /6-14/, Хамтлаг дуу Өлгий сумын 3-р бүрэн дунд сургуулийн Сарбаздар хамтлаг, бүжгийн төрлөөр /гоцлол бүжиг/ Өлгий сумын 3-р бүрэн дунд сургуулийн сурагч н.Мөлдир, /Хамтлаг бүжиг/ Булган ЕБС-ийн “Байшешек” хамтлаг, /Орчин үеийн бүжиг/ Өлгий сумын 3-р бүрэн дунд сургуулийн Ерке хамтлаг, Язгуур урлагийн төрөлд Өлгий сумын 3-р бүрэн дунд сургуулийн сурагч Баасанхүү, хөгжмийн төрлөөр /хамтлаг хөгжим/ Өлгий сумын 1-р бүрэн дунд сургуулийн Шабыт хамтлаг / гоцлол хөгжим/ Өлгий сумын 5-р бүрэн дунд сургуулийн сурагч Габдуллин, нар тэргүүн байранд тус тус шалгарлаа.

Түүнчлэн Булган сумын ерөнхий боловсролын сургууль тэргүүлж "Ардын урлаг соёлыг өвлөн дэлгэрүүлэх сургууль"-аар тодорсон бол, шилдэг хөгжмийн багшаар Цагааннуур тосгоны ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш н.Күмисгүл шалгаран цом, өргөмжлөлөөр шагнагдав.

Наадмын шүүгчээр ЕБ-ын нэгдүгээр сургуулийн хөгжмийн багш н.Аймангүл, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Ермек, М.Хурмаханы нэрэмжит хөгжимт драмын театрын дуучин, Соёлын тэргүүний ажилтан С.Лайла нар ажилласан юм.

Шилдгээр шалгарсан сургууль, багш, урлагийн авьяастай сурагчдын шагналыг аймгийн Засаг дарга, хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн А.Гылымхан гардуулж, баяр хүргэлээ.
Н.Ерлан
2019.04.23