МИНИ ХӨЛБӨМБӨГИЙН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧДЫГ ҮДЭХ ЁСЛОЛ БОЛОВ

2019 оны 04-р сарын 22, 00:00

Казахстан улсын Нур-Султан хотноо энэ сарын 25-аас 30-ны өдрүүдэд болох "Алаш" мини хөлбөмбөгийн олон улсын тэмцээнд оролцохоор бэлтгэл ажлаа ханган замд гарч байгаа О.Ертай, Ж.Айболат дасгалжуулагчтай “ULGII CITY” шигшээ багийн тамирчдыг өнөөдөр аймгийн Засаг дарга А.Гылымхан хүлээн авч, баг тамирчидад амжилт хүсэж 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.

Мөн энэ үеэр Хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж яваа аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Хөлбөмбөгийн холбооны тэргүүн Ш.Амантай, Өлгий сумын ИТХ-ын төлөөлөгч, Хөл бөмбөгийн холбооны техникийн зөвлөлийн дарга, дасгалжуулагч багш О.Ертай нарыг аймгийн Тэргүүний ажилтан тэмдгээр шагнаж, цаашид тамирчдыг улам дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Онцолж хэлэхэд “ULGII CITY” шигшээ баг өнгөрөгч нэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо зоxион байгуулагдсан Улсын аварга шалгаруулах "Үндэсний цом -2019" мини хөлбөмбөгийн тэмцээнд түрүүлж, аймгийн нэр төрийг улсад гаргаж байсан бол энэ удаад Монгол улсыг төлөөлж олон улсад өрсөлдөхөөр боллоо.