АЛТАЙ СУМЫН УЛААН ХАД БАГИЙН БАГА СУРГУУЛИЙН БАРИЛГЫН АЖИЛ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО

2019 оны 05-р сарын 06, 00:00

Алслагдсан сум багуудад амьдардаг малчин айлын хүүхдүүдийг сургуульд бүрэн хамруулах, тэдгээрийн сургалтын орчныг сайжруулах зорилгоор Швейцарын холбооны улсын Ла Мэнса Э Ил Грэжжэ ТББ-тай хамтран Алтай сумын Улаан хад багийн бага сургуулийн барилгыг дотуур байртай хамт шинээр барих болсныг өнгөрсөн оны 10 дугаар сард мэдээлсэн билээ.

Тэгвэл эл асуудлаар аймгийн Засаг дарга А.Гылымхан Швейцарын холбооны улсын Ла Мэнса Э Ил Грэжжэ ТББ-ын тэргүүн Маттёо Бэллинэлли болон Монгол улс дахь төлөөлөгч Сайхан Монголын өнгө ТББ, тэргүүн Б.Лхагвачулуун нартай уулзаж аймгийн төвөөс 170, сумын төвөөс 60 км алслагдсан, 120 өрх 480 орчим хүн амтай Улаан хад багт шинээр бага сургууль барих ажлыг энэ оны тавдугаар сарын 20-ноос эхлэхээр тохиролцлоо. 
Шинээр баригдах бага сургуулийн барилгын ажлын бүх санхүүжилтийг Швейцарын холбооны улсын Ла Мэнса Э Ил Грэжжэ ТББ-га хариуцахаар болсон ба багийн төвд 2004 оноос үйл ажиллагаа явуулж байсан бага сургуулийн хуучин барилгыг дотуур байр болгон засварлах, цахилгаан татах ажлыг орон нутгаас гаргахаар болов.
 
Онцолж хэлэхэд Швейцарын холбооны улсын Ла Мэнса Э Ил Грэжжэ ТББ нь 2017 онд тус аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл багт 100 хүүхдийн цэцэрлэг барьж ашиглалтад оруулж байсан ба хүүхдүүдийн сурч боловсрохыг төлөө аймгийн боловсролын салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийж буй хүмүүнлэгийн байгууллагуудын нэг юм.
 
Н.Ерлан
 
2019.05.06