БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ТОГТООСОН ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ЦУЦЛАГДЛАА

2019 оны 05-р сарын 06, 00:00

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэр Цагааннуур тосгонд тарваган тахал өвчин гарсантай холбогдуулж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байсныг өнөөдөр 20:00 цагаас цуцлах шийдвэр гаргалаа.

Энэ тухай өнөөдөр аймгийн Засаг даргын "Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хорио цээрийн дэглэм тогтоосон шийдвэрийг цуцлах тухай" 324 тоот захирамж гарсан байна.
Тодруулж хэлбэл: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9-р багийн нутаг Цагааннуур тосгоны 2 иргэн тарваган тахлын шинж тэмдэг бүхий өвчнөөр өвчилсөн хэрэг гарсан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай арга хэмжээ авч, урьдчилан сэргийлэх үүднээс 2019- оны 04-р сарын 30 өдрийн 20:00 цагаас эхлэн 2019- оны 05-р сарын 6-ны өдрийн 20:00 цаг хүртэл 6 хоног Цагааннуур тосгон, Өлгий сум, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хорио цээрийн дэглэм тогтоож, орж гарах бүх хөдөлгөөнийг болон сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод байсан юм.
 
Хөл хорио тогтоосон хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй дахин тохиолдол бүртгэгдээгүй бол хорио цэрийн дэглэмийг цуцлах ёстой ба энэ хугацаанд ямар нэгэн өвчилсөн тохиолдол гараагүй байна.
 
Үүнийг өнөөдөр аймгийн Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэж Зооноз өвчин судлалын үндэсний төв болон ХӨСҮТ-ийн удирдлагын баг, мэргэжилтнүүдийн саналыг үндэслэн хорио цээрийн дэглэмийг цуцлах шийдвэр гаргалаа.
 
Иймээс хорио цээрийн дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэг, зах, бар, ресторан болон орж гарах бүх хөдөлгөөнийг хэвийн явуулах тухай аймгийн Онцгой  комиссын шийдвэр гарлаа.
 
Н.Ерлан
2019.05.06