"ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДӨР"-Т ЗОРИУЛАН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАВ

2019 оны 05-р сарын 08, 00:00

Жил бүрийн 5 дугаар сарын 8-ны өдрийг Дэлхийн “Хүмүүнлэгийн өдөр” болгон тэмдэглэдэг болсон юм. Энэ өдрийг угтан аймгийн Улаан Загалмай Хорооноос санаачлан Монголын Улаан Загалмай Нийгэмлэг болон орон нутгийн Улаан загалмай хорооны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, хүмүүнлэгийн чиглэлээр иргэдэд шинэлэг мэдээлэл хүргэх, хүүхэд залуучуудыг хүмүүнлэг, энэрэнгүй үйлст татан оролцуулах зорилгоор Олон улсын Улаан Загалмайн өдөр, Монголын Хүмүүнлэгийн өдөрт зориулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” –ийг өнөөдөр “Хүмүүнлэгийн төлөө хамтдаа” уриан доор аймгийн төв талбайд зохион байгууллаа.

“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үйл ажиллагаанд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Улаан Загалмай хорооны тэргүүн Д.Бауыржан, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат, аймгийн Улаан Загалмай хорооны дарга Х.Ертай, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга С.Арман болон хүндэт донорууд, иргэд хөдөлмөрчид, өсвөрийн Улаан Загалмайн гишүүнээр элсэх сурагчдын төлөөлөл оролцов.

Энэ үеэр Монголын Улаан Загалмай Нийгэмлэг болон аймгийн Улаан загалмай хорооны үйл ажиллагааг танилцуулж, Хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан хүмүүнлэгийн үйлсийн эгнээнд нэгдэх чин сэтгэлтэй иргэд, байгууллага, өсвөрийн сурагчдыг Улаан Загалмайн гишүүнээр элсүүлэх ёслолын арга хэмжээ зохион байгууллаа.

Тодруулж хэлбэл: Энэ жил аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, ШШГГ, Зорилт нуур ТББ, Рысжан ХХК-ны ажилтнууд хүмүүнлэгийн үйлсийн эгнээнд нэгдсэн бол Бастама сургуулийн Р.Хазиза багшаар ахлуулсан 60 гаруй сурагч өсвөрийн Улаан Загалмайн гишүүнээр элслээ.

Н.Ерлан
2019.05.08