ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧИД ТОДОРЛОО

2019 оны 05-р сарын 10, 00:00

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил “Татвар төлөгчдийн өдөр”-ийг Татвар- Хөгжлийн үндэс” уриатайгаар улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.

 
“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн гол ач холбогдол нь аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг урамшуулан дэмжиж, улс эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмэр, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хангалттай биелүүлсэн шилдэг татвар төлөгчдийг олон нийтэд сурталчлан алдаршуулдаг юм.
 
Энэхүү ажлын хүрээнд Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсээс шилдэг татвар төлөгчдийг тодруулж, ЕБС-ийн сурагчдын дунд “Татварын тухай ойлголт” сэдвээр гар зураг, зохион бичлэгийн уралдаан зарлаж, шалгаруулан батламж гардууллаа.
 
Тухайлбал: 2018 оны шилдэг татвар төлөгч байгууллагаар “Цамбагарав өгөөж” ХХК, “Моби Ком” ХХК, “Бай-булган” ХХК тодорсон бол шилдэг татвар төлөгч иргэнээр Б.Даулетжан, Т.Жанибек, Х.Кален нар шалгарч, батламж гардан авлаа.
 
Эдгээр оны шилдэг татвар төлөгчийг шалгаруулахдаа “Шилдэг татвар төлөгчийг шалгаруулах, татвар төлөгчийг шагнаж урамшуулах” журмын дагуу төлсөн татварын хэмжээ нь тухайн татварын албаны хэмжээнд тэргүүлсэн, тайлангаа тогтмол ирүүлж, татвараа хугацаанд нь төлсөн байх, татвар ногдуулах төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээг тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлсэн байх, “Татварын албаны эрсдэлийн удирдлагын журам”-ийн дагуу “хүлээн зөвшөөрөгдөхгүйд бага” болон “дунд” эрсдэлтэй үнэлэгдсэн байх гэсэн үндсэн үзүүлэлтээр дүгнэн шалгаруулдаг бол энэ жил НӨАТ-ын баримтын олгосон байдлыг онцгой анхаарчээ.
Мөн ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулсан “Татварын тухай ойлголт” гар зургийн уралдааны 1-р байрт Цэнгэл сумын бүрэн дунд сургуулийн 9-р ангийн сурагч К.Аллаберген, 2-р байрт Өлгий сумын 5-р бүрэн дунд сургуулийн 12-р аснгийн сурагч А.Ерлан, 3-р байрт Өлгий сумын 4-р бүрэн дунд сургуулийн 6-р ангийн сурагч А.Жаннур, Толбо сумын ЕБС-ийн 8-р ангийн сурагч О.Салих удаах байрыг эзэлсэн бол зохион бичлэгийн уралдаанд 1-р байр Өлгий сумын 6-р бүрэн дунд сургуулийн 11-р ангийн сурагч Ш.Нургул, 2-р байр Толбо сумын ЕБС-ийн 11-р ангийн сурагч А.Балжан, 3-р байр Билге-Тегин сургуулийн 12-р ангийн сурагч Е.Естай шалгарч, Алтанцөгц сумын БДС-ийн 11-р ангийн сурагч С.Еркегүл удаах байр эзэлжээ.
 
Онцолж хэлэхэд аймгийн Татварын хэлтэс 2018 онд Улс орон нутгийн төсвийн орлогыг 9.1 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс гүйцэтгэл нь 11.1 тэрбум төгрөг буюу 1.9 тэбум төгрөгөөр давуулан биелүүлжээ. Мөн 2019 оны эхний 4 сарын байдлыг авч үзэхэд 1.8 тэрбум төгрөг төлөвлөгдсөнөөс 2.1 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй төлөвлөгөөгөө 300 сая төгрөгөөр буюу 110.8 хувиар давуулан биелүүлж амжилттай ажилласан байна.
 
Шилдэг татвар төлөгчдийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан нар гардуулж, Татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөллүүдэд татвар төлөгчдийн өдрийн мэндчилгээ дэвшүүллээ.
 
Н.Ерлан
2019.05.10