АНУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ӨЛГИЙ БОЛОН ДЭЛҮҮН СУМД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАРИГДАХААР БОЛЛОО

2019 оны 05-р сарын 29, 00:00

Баян-Өлгийн аймгийн Өлгий болон Дэлүүн сумд АНУ-ын хөрөнгө оруулалтаар 150-200 хүүхдийн цэцэрлэг баригдахаар боллоо.

Тодруулж хэлбэл: Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх, эрүүл, аюулгүй таатай орчин нөхцөлд сурч хүмүүжих боломжийг бүрдүүлэх зорилгоор 2017 оны 11-р сарын 06-ны өдөр АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн-Цэргийн дэмжлэгийн багтай уулзаж, хүүхдийн цэцэрлэг бариулах талаар санал уламжилсан юм.

Энэхүү аймгийн Засаг даргын уламжилсан саналыг АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн-Цэргийн дэмжлэгийн баг хүлээн авч, Өлгий сумын 13-р баг, ЗХ-ний 340-р ангийн хажуу талд болон 8 мянга гаруй хүн амтай Дэлүүн сумд 150-200 хүүхдийн цэцэрлэг барьж өгөхөөр боллоо.
 
Уг асуудлаар өнөөдөр АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн-Цэргийн дэмжлэгийн баг аймгийн удирдлагуудтай уулзаж цэцэрлэг барих газартай танилцан судалгаа хийж, зураг төсөв гаргахад шаардлагатай мэдээллүүдийг авлаа.
 
Мөн уулзалтын үеэр хоёр тал Эрүүл мэнд, Боловсрол Хөдөө аж ахуйн салбарын хүрээнд хамтран ажиллах нөхцөл боломжуудын талаар санал бодлоо солилцлоо.
 
Н.Ерлан
2019.05.29