ХҮННҮ ЭЙР КОМПАНИ ЕMBRAER-190 МАРКЫН ШИНЭ АГААРЫН ХӨЛГӨӨР ОРОН НУТГИЙН НИСЛЭГ ҮЙЛДЭЖ ЭХЭЛЛЭЭ

2019 оны 05-р сарын 29, 00:00

Хүннү Эйр компани нь орон нутгийн чиглэлд нислэг үйлдэх Embraer-190 маркын шинэ агаарын хөлгийг Монгол Улсын Иргэний нисэхийн салбарт шинээр нэвтрүүлэн, ашиглаж эхэлсэн бөгөөд өчигдөр тус онгоц орон нутгийн чиглэлийн туршилтын нислэг үйлдэж Баян-Өлгий аймагт газардлаа.

 
“Embraer-190” агаарын хөлгийн хурд - 870 км/ц бөгөөд нэг нислэгээрээ 98 зорчигч тээвэрлэх, 4.537 км агаарын зам туулах үзүүлэлттэй тул бус нутгийн нислэгт нэн тохиромжтой бөгөөд бусад төрлийн хөлгөөс түлшний зарцуулалт бага, найдвартай, тав тухтай, байгаль орчинд ээлтэй, хурдан зорчих боломжтой гэдгээрээ онцлогтой байна.
Ийнхүү шинэ агаарын хөлгийг ашиглаж эхэлснээр орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой болохыг албаны хүмүүс онцолж байлаа.
 
Агаарын хөлгийг угтах арга хэмжээнд аймгийн дэд бүтцийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Ш.Хавал оролцож зорчигчдод илүү тав тухтай, хурдан зорчих боломжийг бүрдүүлж орон нутгийн чиглэлд нислэг үйлдэх шинэ Embraer-190 маркын агаарын хөлөгтэй болгосон явдалд талархал илэрхийлж Иргэний нисэх үүсч байгуулагдсаны 94 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.
 
Н.Ерлан
2019.05.29