БУЛГАН СУМЫН ЁЛТ БАГИЙН БАГА СУРГУУЛИЙН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО

2019 оны 05-р сарын 30, 00:00

Баян-Өлгий аймгийн Булган сумын Ёлт багт шинээр баригдах 150 хүүхдийн бага сургуулийн хичээлийн байр, спорт заал, дотуур байрны шав тавих ёслол боллоо.

Уг цогцолбор барилга Улсын төсвийн 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж энэ оны 8-р сард ашиглалтад орох бөгөөд барилгын ажлыг гүйцэтгэхээр “Чандмань Уушир” компани шалгарсан байна.
 
Шав тавих ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан, Булган сумаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч, Автотээврийн төвийн дарга Т.Сайдолда, БСУГ-ын дарга Х.Зауре, Булган сумын ИТХ-ын дарга З.Аманжол, Засаг дарга Ж.Бауыржан УИХ-ын гишүүн Х.Баделханы бие төлөөлөгч Ч.Асхар “Чандмань Уушир” компани ажилтнууд болон иргэд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.
Тэрбээр нээлтийн үйл ажиллагаанд оролцсон аймгийн Засаг дарга А.Гылымхан хэлэхдээ: “Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын салбарт чиглэсэн олон ажлууд тусгагдсан байдаг. Энэ хүрээнд аймаг орон нутгийн удирдлагууд бид боловсролын чанар, сурагчдын ая тухтай суралцах орчныг сайжруулах зорилгоор олон ажлыг хийж хэрэгжүүлж байна. Энэ жил гэхэд 3 сургууль, дотуур байр, 10 гаруй цэцэрлэг баригдахаар ажлаа эхлүүлээд байна. Аймаг сумын төвөөс алслагдсан багт баригдаж байгаа энэхүү бага сургуулийн барилга ашиглалтанд орвол сургалтын чанар сайжирч, сурагчдын ая тухтай орчинд суралцах боломж бүрдэж сургуульд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүд бүрэн хамрагдах юм” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.
 
Үүний дараагаар нь ““Чандмань Уушир” компани захирал үг хэлж, барилгын ажлыг чанарын өндөр түвшинд, орчин үеийн стандартад нийцүүлэн, хугацаандаа багтааж ашиглалтанд хүлээлгэн өгөхөө хэлсэн бол тус багийн иргэд оршин суугчид үр хүүхдүүдийнхээ төлөө хийж байгаа ажилд баярласан талархсанаа илэрхийллээ.
 
Н.Ерлан
2019.05.29