АЙМГИЙН УДИРДЛАГУУД ОХУ-ЫН БҮГД НАЙРАМДАХ АЛТАЙ УЛСЫН КОШ-АГАЧ МУЖИД АЖИЛЛАЛАА

2019 оны 05-р сарын 30, 00:00

Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымханаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 27-28-ны өдрүүдэд ОХУ-ын БНАлтай улсын Кош-Агач мужид ажиллаж, хил орчмын худалдааг хөгжүүлэх, хил залгаа аймгийн иргэдийн харилцан зорчих асуудлыг хөнгөвчлөх, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, аялал жуулчлал хөгжүүлэх, төрийн албан хаагчид болон бизнес эрхлэгчид харилцан туршлага солилцох, спортын тэмцээн уралдаан, соёлын арга хэмжээ хамтран зохион байгуулах тухай хоёр талын хамтын ажиллагааны уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Монгол улсын Баян-Өлгий аймгаас аймгийн Засаг дарга А.Гылымхан, Засаг даргын Тамгын газрын дарга Х.Тилеген, ТЗУХ-ийн дарга Д.Ербол, ЗДТГ-ын ХОХБТ-ийн хэлтсийн мэргэжилтэн Х.Анар, Худалдаа аж үйлдвэрийн танхимын Баян-Өлгий аймаг дахь салбарын тэргүүн Х.Муратай нар оролцсон бол ОХУлс талаас БНАлтай улсын ЗГ-ыг төлөөлж сайдын зөвлөх Дмитрий Александрович, Эдийн засгийн хөгжил ба Өмчийн харилцааны сайдын орлогч Алтынсай Сергеевна, Кош-Агач мужийн ИТХ-ын дарга Санаш Александирович, амбан захирагч Серикжан Муратханович тэргүүтэй бүх тосгоны захирагч нар оролцсон юм.

Энэхүү уулзалтын хүрээнд Ташанта- Улаанбайшинтын боомтын үйл ажиллагааг сайжруулах, соёл, спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Багш нарын солилцоо хийж мэдлэг чадварыг дээшлүүлэх, мах махан бүтээгдэхүүн экспортлох, Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр барих асуудлаар санал солилцож цаашид хамтран ажиллахаар боллоо.

Мөн аймгийн Засаг дарга А.Гылымхан Ташаантын боомт иргэдийн авч яваа хагас боловсруулсан мах, малын гаралтай цагаан идээг хурааж, торгуулын арга хэмжээ авч байгаа талаар холбогдох хүмүүст уламжилсан юм. Харин ОХУ-ын БНАлтай улсын Кош-Агач мужийн удирдлагууд уг саналыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэх боломжгүй, ЗГ-ын түвшинд шийдэх асуудал учраас цаашид анхааралдаа авч ЗГ-т уламжилж шийдвэрлүүлэх талаас ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

Н.Ерлан

2019.05.30