АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.ГЫЛЫМХАН ТОЛБО СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ ХҮСЭЛТИЙГ НЬ СОНСЛОО

2019 оны 05-р сарын 30, 00:00

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан сумдад хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын хэрэгжилтийн явцтай танилцах, ажлыг эрчимжүүлэх, иргэд хөдөлмөрчидтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсож, төрийн үйлчилгээг ойртуулан ажиллах зорилгоор аймгийн Засаг дарга А.Гылымхан сумдад ажиллаж иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж байна.

Өнөөдөр /2019.05.30/ сумдад ажиллах төлөвлөгөө ёсоороо 14:00 цагт Толбо сумын 2-р багийн 100 гаруй иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2019 оны үндсэн чиглэл, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулж, санал хүсэлтийг нь сонсож зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллав.

Мөн орон нутгийн хөгжлийн төлөө тодорхой хувь нэмэр оруулсан 5 хүнийг аймгийн “Хүндэт тэмдэг” болон “Тэргүүний ажилтан “-аар тэмдгээр шагнаж, баяр хүргэлээ.

Энэ үеэр иргэдийн зүгээс сум хооронд гарч буй газрын маргааныг шийдэх, гүний худаг гаргаж өгөх, гүүр тавих, толбо нуурын эрэгт хогийн сав байршуулах, алслагдсан багийн иргэдийн амьдрал ахуйг сайжруулахад анхаарч хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих зэрэг хэд хэдэн санал хүсэлтийг аймгийн Засаг даргад уламжилж, иргэдийн санал хүсэлтийг сонсож төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулан ажиллаж байгаа явдалд талархал илэрхийлэв.

 
Н.Ерлан
 
2019.05.30