АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭМЖЛЭГЭЭР 10 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

2019 оны 05-р сарын 30, 00:00

Азийн хөгжлийн банк нь МУ-ын Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран “Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” техник туслалцааны төслийг 10 жилийн хугацаатай Баян-Өлгий, Увс, Ховд, Дорнод зэрэг 4 аймагт хэрэгжүүлж эхэлсэн билээ.

 
Энэхүү төслийн хүрээнд 750 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хот байгуулалт, төлөвлөлт, хөдөөгийн болон бизнесийн хөгжлийн талаар судлах, орон нутгийн салбар бүрт тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, цаашид хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудыг эрэмбэлэх бөгөөд уг төслийн техник туслалцааны баг өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллаж байна.
Төслийн багийнхныг өнөө өглөө аймгийн удирдлагууд хүлээн авч уулзалт хийв. Уулзалтаар аймгийн Засаг дарга А.Гылымхан орон нутгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хийж хэрэгжүүлсэн ажил, 2019 онд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын талаар танилцуулж, тодорхой саналуудыг уламжлав.
 
Азийн хөгжлийн банкны энэхүү төслийн техник туслалцааны баг нь 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ирсэн бөгөөд өнөөдрөөс эхлэн аймгийн удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран “Хот байгуулалт, дэд бүтэц, орон сууц, байгаль орчны салбар”, “Эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спорт, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, төсөв санхүүгийн салбар”, “Хөдөөгийн хөгжил” уулзалт, “Бизнесийн хөгжил” уулзалт гэсэн 4 чиглэлээр салбар уулзалтуудыг зохион байгуулж, үр дүнг тодорхойлох зорилгоор ажиллаж  байна.
 
Н.Ерлан
2019.05.30