ХҮҮХДИЙН БАЯР-2019 НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ

2019 оны 06-р сарын 02, 00:00

Энэ жил Өлгийчүүд “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн баярын нэгдсэн арга хэмжээг аймгийн хүүхэд, залуучуудын паркад тэмдэглэн өнгөрүүллээ.

 
Тус арга хэмжээний нээлтэд аймгийн Засаг дарга, хүүдийн төлөө зөвлөлийн тэргүүн А.Гылымхан, Засаг даргын орлогч Ш.Хавыл болон бусад удирдах ажилтнууд оролцлоо.
 
Тэд Монголынхоо гэрэлт ирээдүй болсон алдрай бяцхан үрсдээ "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн баярын мэндчилгээ дэвшүүлж, төр засаг болон аймаг орон нутгийн зүгээс хүүхэд багачуудын хөгжил, боловсрол, хамгааллын чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажил, бодлого шийдвэр, цаашдын зорилтын талаар танилцууллаа. Мөн Ерөнхийлөгчийн 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлаж, Монгол улсын “Хүүхдийн эрхийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, хүүхдийн төлөвшил хүмүүжлийн чиглэлээр ажилладаг төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, гэр бүлийн хөгжил, хамтын оролцоог дэмжих зорилгоор хийгдэж буй тус арга хэмжээний нээлтийг хийлээ.
 
Энэ жилийн хүүхдийн баяр өмнөх жилүүдээс онцлогтой болсон юм. Яагаад гэвэл өмнөх жилүүдэд оны эцэст аймгийн оны шилдгүүдийг шалгаруулахдаа 1 хүүхдийг оны шилдэг сурагчаар шалгаруулдаг байсан бол энэ жил хүүхдийн баяраар шалгаруулах шинэлэг санаа гаргаж хичээл тус бүрээс 1 буюу ерөнхий боловсролын сургуулиудын 12-р ангийн төгсөгчдөөс тэргүүний 15 сурагчийг шилдгээр шалгаруулан, шагнаж урамшуулав.
 
Мөн хүүхдийн баярыг тохиолдуулан зохион явуулсан урлаг спортын тэмцээнээс шагналт байрт шалгарсан хүүхдүүд шагналаа гардан авсан бол хөгжимт драмын театрын уран бүтээлчид хүүхэд багачуудад зориулсан урлагийн тоглолтоо үзэгчдийн хүртээл болгож аймгийн БСУГ - аас "Авьяаслаг 300 хүүхдийн бишгүүр хөгжмийн тоглолт, найрал дуу, цэцэрлэгийн насны 100 хүүхдийн бүжгийн үзүүлбэрүүдийг тус тус үзүүллээ.
 
Н.Ерлан
 
2019.06.02