ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019 оны 06-р сарын 03, 00:00

Өнөөдөр /2019.06.03/ “Иргэн таны төлөө-мэргэжлийн хяналт” сарын аяны хүрээнд Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдлыг хангуулахад төрийн байгууллагуудын оролцоо, ослын нөхцөл байдлын үед хариу арга хэмжээ авах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдал хамгаалалтыг сайжруулах, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэг олгох зорилгоор “Цөмийн болон цацрагийн дохиолол, зөрчил илэрсэн үед хамтран ажиллах, хариу арга хэмжээ авах” сэдэвт танхимын сургалт зохион байгуулагдлаа.

 
Сургалтыг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Цөм, цацрагийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Ц.Өсөхбаяр болон аймгийн Мэргэжлийн хяналтын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид хамтран зохион байгуулав.
Сургалтаар Цацрагийн тухай үндсэн ойлголт, Цөмийн энергийн тухай хууль, холбогдох дүрэм журам, норм стандарт, Цацрагийн биологийн үйлчлэл, Цацрагийн ослын үеийн ажиллагчдын хамгаалалтын хувцас хэрэгсэл, ослын үед авах хариу арга хэмжээ зэрэг сэдвээр илтгэл тавьж мэдлэг түгээлээ.
 
Уг сургалтад аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Тагнуулын газар, Хилийн 0285 дугаар анги, Хилийн 0165 дугаар анги, Цаг уур, орчны шинжилгээний алба, Гадаадын иргэн харьяатын газрын Баян-Өлгий аймаг дахь хэлтсийн ажилтан, албан хаагчид оролцлоо.
 
Маргааш буюу 06-р сарын 04-ний өдөр ОУ-ын Цагааннуур авто замын боомтод үзүүлэх сургуулилт зохион байгуулах юм.
 
Энэхүү сургалт нь цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, цацрагийн ослын үед авах хариу арга хэмжээг төлөвлөх, бэлэн байдлыг хангуулах, салбарын хүний нөөцийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой гэдгээ мэргэжлийн хүмүүс онцолж байна.
 
Н.Ерлан
 
2019.06.03