Баян-Өлгий аймгийн Төрийн албан хаагчдын манлайллын чадварыг бэхжүүлэх сургалт болж байна

2019 оны 06-р сарын 08, 00:00

Баян-Өлгий аймгийн төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагуудын ажилтнуудад зориулсан манлайллын чадавхыг бэхжүүлэх 2 өдрийн сургалт тус аймагт зохион байгуулагдаж байна.

Уг сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Удирдлагын академи хамтран зохион байгуулж байгаа ба сургалтад аймаг сумын удирдлагууд, хэлтэс, агентлагийн дарга, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагууд, ажилтан албан хаагч нараас бүрдсэн нийт 200 гаруй төлөөлөл хамрагдаж байна.

Сургалтыг Удирдлагын академийн захирал, доктор профессор С.Зүльфикар болон тус академийн эрдэмтэн багш, судлаачид, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, доктор А.Тилейхан, Улсын гуравдугаар эмнэлгийн дарга, анагаах ухааны доктор С.Төмөр-Очир, Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн нийгмийн ажилтан Л.Тунгалаг нарын хүмүүс явуулж байна.

Сургалтын нээлтийн үйл ажиллагааг аймгийн Засаг дарга А.Гылымхан хийж, сургалтад оролцогчдод амжилт хүссэн юм.

Тэрээр хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт сургалтад оролцогч төрийн үйл хэргийг орон нутагт хэрэгжүүлэгч албан хаагчид, Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

“Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд 3 жил болж байна.

Энэ хугацаанд та бүхэнтэй хамтран төрөлх аймгаа хөгжүүлэх, ард иргэдийн ая тухтай, эрүүл аюулгүй очинд амьдрах боломжийг бүрдүүлэхийн төлөө олон ажлыг санаачлан хийж, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт ахиц дэвшил гаргалаа.

Тухайлбал: Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2017 онд 85 хувиар биелэгдэж 21 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн бол 2018 онд үйл ажиллагааны хөтөлбөр 87,7 хувиар биелэгдэж, 51 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил тус тус хийгдлээ.

Улс, орон нутгийн татварын орлогын төлөвлөгөө 1.9 тэрбум төгрөгөөр давж 122 хувиар биелэгдсэн нь өнгөрсөн оны гүйцэтгэлээс 568 сая төгрөгөөр буюу 5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Иргэдийн татан төвлөрүүлсэн хөрөнгө буюу мөнгөн хадгаламж 2017 онд 96 тэрбум төгрөг байсан бол 2018 онд 125 тэрбум төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 29.2%- хувиар нэмэгдлээ.

2018 онд аймгийн хүн амын тоо 2 мянгаар өсч 103.6 мянгад хүрсэн. Эдийн засгийн гол үзүүлэлт болох аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 348.3 тэрбумд хүрч 2017 оныхоос 5.7 хувиар өсч, нэг хүнд ногдох ДНБ нь 3,361.6 мянган төгрөгт хүрч 2.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Засаг дарга миний бие бүрэн эрхийнхээ хугацаанд нүдэнд харагдахаар бодит бүтээн байгуулалтын ажлуудыг хийх зорилт дэвшүүлж иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, хүүхэд багачуудын сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах бодлогын хүрээнд олон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж эхлүүллээ.

Тухайлбал: Сагсай, Цэнгэл, Алтай, Дэлүүн сумдын сургуулийн дотуур байрыг шинэчиллээ. Үүнээс гадна сургуулийн өмнөх боловсролын чанарыг сайжруулах зорилгоор 62 хувьтай байсан хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтыг 71 хувьд хүргэж Сагсай суманд 125, Ногооннуур сумын Улаанчулуут багт 50, Улаанхус сумын Хөх хөтөл багт 100, сумын төвд 50, Өлгий сумд 175 хүүхдийн цэцэрлэг тус тус барьж ашиглатад оруулаад байгаа бол Өлгий сумын 3-р багт сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга 4, 7, 8, 9-р багуудад 50-75 хүүхдийн цэцэрлэг мөн Улаанхус сумын Согоог багт 100, Ногооннуур сумд төвд 75 хүүхдийн нийт 10 гаруй цэцэрлэг шинээр баригдаж байна.

Эрүүл мэндийн хүртээмж чанарыг сайжруулах ажлын хүрээнд бүх сумдын эрүүл мэндийн төвийг унаагаар хангаж нийт 14-н түргэн тусламжийн машин нийлүүлж, Цэнгэл сумын Цоохор харгайд болон Алтанцөгц сумын зусланд шинээр эмнэлэг баригдлаа. Түүнчлэн улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр Тика ОУБ-ын хөрөнгө оруулалтаар эрүүл мэндийн төвүүдийг шаардагдах төхөөрмжөөр ханган ажиллаж байгаа ба аймгийн Нэгдсэн эмнэлгийг хүүхдийн болон төрөх тасагт бүрэн засвар хийгдлээ.

Мөн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилгоор бүргэдийн баярыг Улаанбаатар хотод болон аймагтаа өргөн хүрээнд зохион байгуулж, казах түмний бүргэдээр ан хийх соёлыг таниулахаас гадна казах түмний ёс заншлыг харуулсан бүтээлүүдийн үзэсгэлэн гаргаж гадаад дотоодоос ирсэн жуулчдын хүртээл болгож байна. Ингэснээр жил ирэх тусам бүргэдийн баярыг сонирхох гадаадын жуулчид ихээр нэмэгдэх хандлагатай.

Дэд бүтэц, зам харилцааг сайжруулах зорилтын хүрээнд Толбо-Хашаатын даваа чиглэлийн хатуу хучилттай авто замыг үргэлжлүүлж энэ онд ашиглалтад оруулахаар болсон бол Өлгий хотод 10.4 км хатуу хучилттай авто зам болон явган хүний зам, гэрэлтүүлэг, сумдын чухал шаардлагатай гүүр, зуслангийн замуудыг засах ажлууд хийгдсэн ба энэ онд аймгийн төвд 10 км явган хүний зам, 10 гэрэлтүүлэг шинээр тавигдах юм.

Түүнчлэн боловсролын чанарыг дээшлүүлэх зорилтын хүрээнд Бага ангийн сургалтын чанар болон Монгол хэлний сургалтын чанар сайжруулах хоёр дэд хөтөлбөр шинээр батлуулан Засаг даргын нэрэмжит шалгалт авч ажилласнаар тодорхой үр дүнд хүрч элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээгээр сүүлийн 26 жилд гараагүй амжилтыг үзүүлж улсын хэмжээнд 3 байраар урагшиллаа. Тухайлбал: Гадаад хэлний хичээлээр улсад нэгдүгээр байр, Математик, Физик, Химийн хичээлээр эхний таван байрт орсон амжилт үзүүллээ. Дээрх өнгөрсөн оны ЭЕШ-аас амжилт гаргасан багш, сурагч, улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй сургуулиудыг нийт 55 сая төгрөгөөр урамшуулсан юм. Энэ хичээлийн жилд ч мөн адил 600-аас дээш оноо авсан сурагч, бэлдсэн багшийг 500 мянган төгрөг хүртэл, 800 оноо авсан сурагч, түүнийг бэлдсэн багш нарт 1 сая төгрөгийн урамшуулал олгохоор болсон ба Орон нутгийн Ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх 12 дугаар ангийн сурагчдын дунд ЭЕШ-д богино хугацаанд эрчимтэй бэлтгэх хөдөлгөөн өрнүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2019 оны 03-р сарын 12-ний өдрийн А/130 тоот захирамжаар “Элсэлтийн ерөнхий шалгалт-2019 ” сэдэвт 2 сарын аян зарлан ажиллаж байна.

2019 онд ч аймагт 70-аад тэрбум төгрөгийн ажил хийгдэх бөгөөд Шинээр 100 ортой Нэгдсэн эмнэлэг, 50 ортой хүүхдийн эмнэлэг, Цэвэрлэх байгууламж, Босоо тэнхлэгийн авто замын ажлын хүрээнд Өлгий сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх 19.5 км хатуу хучилттай авто зам, 170 метр төмөр бетон гүүр, аймгийн хэмжээнд 10 сургууль, цэцэрлэг, мөн 3 суманд Соёлын төв, Сагсай сумын төвд 2 км, Ногооннуур сумын төвд 2 км хатуу хучилттай авто зам баригдахаар тендер нь зарлагдаж ажил нь эхлээд байгаа бол Цагааннуур-Улаанбайшинтын чиглэлийн 25.8 км замын ажил энэ онд эхлэхээр боллоо.

Мөн орон нутгийн бүх шатны төрийн албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилгоор олон талт арга хэмжээг зохион байгуулж байна. Тухайлбал: Төрийн албаны тухай хууль, түүнийг дагалдан гарсан хууль дүрэм журмыг орон нутгийн бүх шатанд хэрэгжүүлэх ажлын хүрээнд жил бүрийн нэгдүгээр сард Сумдын удирдлагууд болон төрийн албан хаагч нарыг сургалтад хамруулж, мэдлэгийг дээшлүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулж байна.

Үүнээс гадна ЗГХЭГ, Удирдлагын академиас хамтран зохион байгуулж буй мэргэшил дээшлүүлэх сургалтад орон нутгийн бүх төрийн албан хаагчдыг тухай бүр хамруулж, төрийн албаны үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй ил тод мэргэжлийн өндөр түвшинд хүргэхийг зорин ажиллаж байна.

Энэхүү Орон нутгийн төрийн албан хаагчдын манлайллын чадварыг бэхжүүлэх сургалтыг Эрчим хүчний зохицуулах хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академи, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байгаа юм.

Сургалтын гол зорилго нь Төрийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсаны дагуу орон нутагт хэрэгжилтийг хангах, төрийн албыг чадавхжуулах, удирдлага менежерүүдийг улам төгөлдөржүүлэхэд орших юм.

Бид олон ажил хийж байгаа хэдий ч хууль журмаа мөрдөж, улам шинэчлэгдэж, ажилдаа дүгнэлт хийж, ихийг сурч судлах ёстой.

Иймд Та бүхний сургалтын үйл ажиллагаанаас амжилт хүсье” хэмээв.


Н.Ерлан

2019.06.07