Ногоон паспорт-ногоон төгөл модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт боллоо

2019 оны 06-р сарын 09, 00:00

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын санаачилгаар хэрэгжиж байгаа “Ногоон паспорт” аяны хүрээнд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, иргэдийн амьдрах таатай орчныг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил өрнөж байгаа билээ.

Үүний дагуу Баян-Өлгий аймагт “Ногоон паспорт-Ногоон төгөл” модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт хүрээлэн байгуулж, өчигдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Солтан, аймгийн Засаг дарга А.Гылымхан, БОАЖЯ-ны харъяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хэлтсийн дарга С.Бат-Эрдэнэ, БОАЖГ-ын дарга Ш.Марат, БОАЖГ-ын мэргэжилтэн, байгаль хамгаалагч, Ерөнхий боловсролын сургуулиудын “Ногоон паспорт” эзэмшигч эко клубын багш, сурагчид, иргэдийн төлөөлөл зэрэг хүмүүс оролцлоо.

Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг шинэ нисэх онгоцны буудлын дэргэд 3,5 га талбайд байгуулж , 700 гаруй модлог ургамлын суулгацыг хашаа хамгаалалт, сүүдрэвч, иж бүрэн усалгааны системийн хамт бүрэн хийж гүйцэтгэжээ.

“Ногоон паспорт-Ногоон төгөл” модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт хүрээлэн байгуулах 3.5 га талбайг аймгийн Засаг дарга 2 гүний худгийн хамт шийдэж өгсөн ба энэхүү цэцэрлэгт хүрээлэн байгуулах зорилго нь өсвөр үеийнхнийг байгаль орчныг хамгаалах, цөлжилт, элсний нүүдэл, уул амьсгалын өөрчлөлтийн эсрэг мод тарих ажилд биечлэн оролцоход сургах, улмаар ойг танин мэдэх, ойн мэргэжлийг сонирхон судлахад нь дэмжлэг үзүүлэх ажээ.

Н.Ерлан
2019.06.10