АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.ГЫЛЫМХАНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ УЛААНХУС СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ

2019 оны 06-р сарын 11, 00:00

Өчигдөр /2019.06.10/ аймгийн Засаг дарга А.Гылымхан, Засаг даргын орлогч А.Камелият, тус сумаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч, Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Серикжан нар Улаанхус сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, санал бодлыг сонсож ажиллалаа. Улмаар тус сумын Ерөнхий боловсролын сургууль болон Цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ байгууллагын удирдлагуудтай уулзаж ажлын хариуцлагаа сайжруулахыг үүрэг болголоо.

Иргэдтэй хийсэн уулзалтанд 220 гаруй иргэд хүрэлцэн ирж оролцсон бол Уулзалтанд оролцогчдод аймгийн Засаг дарга А.Гылымхан аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажил, 2019 онд хийгдэх томоохон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын талаар болон бусад асуудлаар мэдээлэл өгсөн юм.

Тус сумын иргэд маань ч орон нутагт ажиллаж өнгөрсөн онд хийсэн ажил, цаашдын зорилтынхоо талаар тодорхой мэдээлэл өгсөнд баяртай байгаагаа илэрхийлж, тулгамдаад байгаа асуудлыг шат дараатай шийдэж, Өмнө хийгдэж байгаагүй томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийж тус сумын эрүүл мэндийн төвийг унаагаар ханган, 2 жилийн хугацаанд 3 хүүхдийн цэцэрлэг босгож, согоог голд төмөр бетон гүүр барьж өгсөнд талархал дэвшүүлж байлаа.

Мөн төрийн албаны хүнд суртлыг багасгах, ажлын хариуцлагыг өндөржүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарлан ажиллаж байгаа нь цаг үеэ олсон чухал асуудал гэдгийг онцоллоо.

Н.Ерлан

2019.06.11