БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛӨӨС АЖЛЫН ХЭСЭГ ИРЖ АЖИЛЛАЖ БАЙНА

2019 оны 06-р сарын 14, 00:00

Төрийн албаны зөвлөлөөс Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн Нутгийн захиргааны байгууллагуудын дарга, ажилтан албан хаагчдад зориулан Төрийн албаны шинэчлэлийн талаарх сургалтыг 6-р сарын 9-21-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамбаар ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнөөдрөөс эхлэн Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөө өглөө Улаанхус сумын Засаг даргын Тамгын газар болон аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажилласан бол үдээс хойш аймгийн Засаг дарга болон Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүдтэй уулзалт хийж, төрийн албаны шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй ажил, салбар зөвлөлийн ажлын үр дүнгийн талаар санал солилцлоо.

Үүний дараа аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай танилцан ажилтан алба хаагч нарын бичигт баримтанд үзлэг хийж заавар зөвлөгөө өгч ажиллав.

Маргааш 9 цагаас ЭМПАТИ сургуулийн хурлын танхимд аймгийн нутгийн захиргааны байгууллагын 150 гаруй албан хаагч нарт төрийн албаны шинэчлэлийн бодлого, үзэл баримтлал, үндсэн зарчим, төрийн албаны тухай хуулийн үйлчлэх хүрээ, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах эрх зүйн зохицуулалт, маргаан хүлээн авч хянан шийдвэрлэх журам, анхаарах асуудлын хүрээнд сургалт зохион байгуулах юм.

Н.Ерлан
2019.06.13