УИХ-ын дарга Г.Занданшатар 21 аймгийн удирдлагуудтай цахим хурал хийж, үүрэг даалгавар өглөө

2019 оны 06-р сарын 18, 00:00

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэд, олон нийтийн оролцоог хангах асуудлаар 21 аймгийн удирдлагуудтай цахим хурал хийж, үүрэг даалгавар өглөө.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар цахим хурлыг нээж хэлсэн үгэндээ, “Улсын Их Хурлын 62 гишүүн гарын үсэг зурж Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлсэн. Маргааш төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэхээр төлөвлөж байна. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудал нь Монгол Улсын иргэн бүр, бүх аймаг, сум, ИТХ, төрийн бүх байгууллагатай салшгүй холбоотой, хүн нэг бүрийн идэвх оролцоо шаардсан чухал ажил” гэдгийг онцлов.

Үүнээс гадна Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.2-т “иргэдэд төслийн талаар саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог олгох”, 5.4.6-д “төслийн хэлэлцүүлгийн үе шат хооронд Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо шууд болон өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан уг үйл ажиллагааны үр дүнг мэдээлж, иргэдийн санаа бодлыг судалж, харгалзан үзэх” гэж тус тус заасныг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 18-наас улс орон даяар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулах, иргэдийн саналыг сонсох “Иргэдээ сонсъё” аян зохион байгуулахаар болсныг мэдэгдсэн юм.

Мөн төслийн талаар бодит, дэлгэрэнгүй мэдээллийг ард иргэдэд түгээх, танилцуулах зорилгоор сонгогдсон тойрогтоо ажиллах Улсын Их Хурлын гишүүдтэй хамтран ажиллаж иргэдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулах, саналыг сонсох ажилд гол зохион байгуулагчаар ажиллахыг орон нутгийн ИТХ болон бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо.

Цахим хуралд Баян-Өлгий аймгаас аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан, ЗДТГ-ын дарга Х.Тилеген болон хэлтэс агентлагийн дарга, мэргэжилтнүүд, сургуулийн удирдлагууд, багийн Засаг дарга нар оролцлоо.

Н.Ерлан
2019.06.17