Б.АХТАНЫ НЭРЭМЖИТ НИЙТИЙН НОМЫН САНГИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯР ТОХИОЖ БАЙНА

2019 оны 09-р сарын 10, 00:00

Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит Нийтийн номын сангийн түүхт 70 жилийн ой энэ сарын 9-10-ны өдрүүдэд тохиож байна.

Ойн баярыг угтан зохиолч, яруу найрагчдын номын үзэсгэлэн гаргаж, яруу найргийн уралдаан зохион байгуулан, Казахстан улсын уран зохиолын соёлын төвийг нээж, төрөлх нутгийн яруу найрагчдын нэрэмжит танхим байгуулж
олны хүртээл болгожээ.

Өнөөдөр түүхт 70 жилийн ойн баярын хурлаа ёслол төгөлдөр хийж, тус Номын сангийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим хүмүүсийг шагнаж урамшууллаа.

Баярын хурлын үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан, Боловсрол соёл урлагийн газрын дарга Х.Зауре, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Мүпти, Нийтийн номын сангийн дарга Д.Алтангүл, Казахстан Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны консул Ш.Жуматаева, Казахстаны үндэсний академик номын сангийн төлөөлөгч Ж.Жархынбек, «Отандастар» сангийн Соёл-хүмүүнлэгийн төслүүдийн хэлтсийн дарга Т.Талапбек тэргүүтэй албаны хүмүүс болон Номын сангийн үе үеийн удирдлага, ажилтнууд, орон нутгийн зохиолч, яруу найрагчид, иргэд оролцлоо.

Дашрамд хэлэхэд тус номын сангийн суурь нь анх 1945 онд эсгий гэрт 1500 номтой байгуулагдаж байсан бол эдүгээ сан хөмрөгтөө 60 мянга гаруй номтой болж 17 ажилтантай номын сангийн арга зүйн төв болон өргөжиж 70 жилийн ойтойгоо учран золгож байгаа юм байна.

НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

Н.Ерлан
2019.09.10