НЭГ ТОНН НҮҮРСИЙГ 75 МЯНГАН ТӨГРӨГӨӨР БУЮУ ҮНИЙГ БУУЛГАЖ БОРЛУУЛАХААР ТОХИРОЛЦЛОО

2019 оны 09-р сарын 19, 00:00

Нүүрсээр хангадаг "Хотгор" компани нь наймдугаар сараас эхлэн уурхай дээр нэг тонн бүхэл нүүрсний үнийг таван мянган төгрөгөөр нэмж 39800, шигшүүрээр ангилан ялгасан нүүрсний үнийг 3500 төгрөгөөр нэмж 36300 төгрөгөөр борлуулж эхэлсэн билээ.

Үүнээс болж тус аймагт нүүрсний үнэ нэмэгдэж иргэдийн гарт очих нэг тонн нүүрс 90-100 мянган төгрөгт хүрч, иргэдээс үнийн тогтворжуулалт хийх талаар гомдол ирүүлсэн.

Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан аймгийн Засаг даргын орлогч А.Камелиятаар ахалсан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус зөвлөл 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хуралдаж, холбогдох байгууллагууд болон "Хотгор" компанийн удирдлага, нүүрс тээвэрлэж худалдан борлуулдаг иргэд, жолооч нартай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу өчигдөр аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын орон нутаг дахь Улсын ахлах байцагч Ө.Хуралай болон Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн эрх бүхий албан тушаалтнууд "Хотгор" компанийн удирдлага, нүүрс тээвэрлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзав.

Уулзалтаар талууд өнөөдрөөс нэг тонн шигшүүрээр ялгасан нүүрсний үнийг тонн тутам 75 мянган төгрөгөөр баталгаажуулсан жингээр борлуулахаар тохиролцоонд хүрэв.

Дашрамд хэлэхэд Хотгор ХК хэрэглэгчдэд бүхэл нүүрс нийлүүлэхийг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс зогсоож тухай өдрөөс эхлэн шигшүүрийн нүүрс нийлүүлж байна.

Н.Ерлан

2019.09.19