​АХМАДЫН БАЯРЫГ ӨРГӨН ДЭЛГЭР ТЭМДЭГЛЭЖ, МЯНГА ГАРУЙ АХМАД НАСТНЫГ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 10-р сарын 02, 00:00


Өчигдөр /2019.10.01/ Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрт Ахмадын баярын хурал зохион байгуулагдаж Улс, орон нутгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж нөр их хөдөлмөрөө шингээсэн 80 гаруй ахмад буурлуудыг аймгийн ИТХ, Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж урамшууллаа. 


Мөн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Өлгий сумын ЗДТГ, Ахмадын хороо хамтран аймгийн төвд амьдарч буй 13 багийн 1000 гаруй ахмадуудыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагааг аймгийн Засаг дарга А.Гылымхан нээн үг хэлж, орон нутагт хийгдсэн болон цаашид хийхээр төлөвлөж буй ажил, ахмад настнуудыг дэмжих чиглэлээр төрөөс баримталж байгаа бодлогын талаар үйл ажиллагаанд оролцсон ахмадуудад танилцуулж, баярын мэндчилгээ дэвшүүлэн, эрүүл энхийг хүслээ.



Дараагаар нь М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драммын театрын уран бүтээлчид урлагийн тоглолт толилуулж, ахмад буурлуудыг баясгалаа.

Онцолж хэлэхэд энэ жилийн ахмадын баярыг угтаж ахмадуудын дунд Шатар, Ширээний тэннис, Шагайн харваа, Билльяард зэрэг тэмцээнүүд зохион байгуулсан бол аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Өлгий сумын өрхийн эрүүл мэндийн төвүүдийн мэргэжлийн эмч нар хамтран аймгийн Спорт цогцолборт ахмадуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа.

Түүнчлэн "Ахмадуудын эрүүл мэндийг дэмжих сарын аяны нээлтийг хийсэн юм. Аяны хүрээнд ахмадуудыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, ЭХО, цусны даралт хэмжих, сахар, биеийн жингийн индекс тодорхойлох, эрүүл мэндийн сургалт хийх, зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх аж.

Н.Ерлан.
2019.10.01