МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ КАЗАХСТАН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

2019 оны 10-р сарын 12, 00:00

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казахстан Улсад  албан ёсны айлчлал хийж байна.Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд 25 жилийн дараа Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй айлчлал гэдгээрээ онцлогтой юм. Өмнө нь 1994 онд П.Жасрай тус улсыг зорьж байв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар айлчилж байгаа бөгөөд албан ёсны айлчлал энэ сарын 10-12-ны өдрүүдэд нийслэл Нур-Султан хотод үргэлжилнэ.

Айлчлалын бүрэлдэхүүнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн Д.Мурат (Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга), УИХ-ын гишүүн Г.Солтан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжин, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатар, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр нар багтсан байна. Мөн Бизнесийн салбарын 60 орчим төлөөлөл айлчлалын бүрэлдэхүүнийг дагалдан яваа юм.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Маминтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг дараачийн шатанд дэвшүүлэн хөгжүүлэх, улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээтэй салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцох юм байна.

Н.Ерлан
2019.10.11