БАЯН-ӨЛГИЙ АЙМГААС 40 ХҮН ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ТЭНЦЛЭЭ

2019 оны 11-р сарын 21, 00:00

Энэ сарын 16-аас 21-ний өдрүүдэд Төрийн албаны зөвлөлөөс улс, орон даяар зохион байгуулсан төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтад Баян-Өлгий аймгаас 413 хүн бүртгүүлж үүнээс 374 иргэн орж 40 хүн тэнцлээ.

 
Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалт нь ерөнхий мэдлэг, монгол хэл, бичиг, дүн шинжилгээ гэсэн тус бүр босго оноотой гурван шатлалтай бөгөөд Ерөнхий мэдлэгийн шалгалт нь төрийн бодлого, төрийн захиргаа, Төрийн албаны тухай хууль, эрх зүй, түүх соёл, нийгэм, эдийн засаг, мэдээллийн технологийн тухай асуултуудаас бүрдсэн ба 35 ба түүнээс дээш оноо авбал тэнцэж, дараагийн шат болох Монгол хэл, Монгол бичгийн шалгалтад орох эрхтэй болно. Ерөнхий шалгалтын хоёр дахь шат монгол хэл бичгийн шалгалтад 20 ба түүнээс дээш оноо авч дараагийн Дүн шинжилгээ хийх шалгалтыг өгөх эрхтэй болно. Энэ шалгалт бол сэтгэхүйн чадамжийг үнэлэх шалгалт бөгөөд 10 ба түүнээс дээш оноо авсан иргэн тэнцэж, гурван жилийн хугацаатай нөөцөд бүртгэгдэх аж.
Гэхдээ нөөцөд бүртгэгдсэн иргэн нь төрийн жинхэнэ албан тушаалд шууд томилогдохгүй Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам”-ын дагуу тухайн албан тушаалын /тусгай/ шалгалтаар нөхөх юм.
 
Дашрамд хэлэхэд Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг жилд нэгээс доошгүй зохион байгуулахаар хуульчилсан байдаг ба дараагийн шалгалтыг ирэх оны эхний улиралд багтааж зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
 
Н.Ерлан
2019.11.21