100 ОРТОЙ НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛОВ

2019 оны 11-р сарын 28, 00:00

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханы санаачилгаар Баян-Өлгий аймагт 100 ортой Нэгдсэн эмнэлэг баригдаж эхэллээ. Тэрээр өнөөдөр барилгын шав тавих ёслолыг гүйцэтгэлээ.
 
Шинээр баригдах Нэгдсэн эмнэлэг нь хэвтэн эмчлүүлэх тасаг, амбулатори, эмгэг анатомын тасаг гэсэн 3 том цогцолбор байгууламжаас бүрдэж байгаа бөгөөд ашиглалтын хугацаа дууссан одоогийн үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлгээс 5 дахин хүртээмжтэй, эмнэлгийн иж бүрэн стандарт үйлчилгээг үзүүлэх хүчин чадалтай гэдгээрээ давуу талтай болж байна.
Улсын төсвийн 17.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдах энэхүү барилгын ажлын гүйцэтгэгчээр “Морин Сувд” ХХК шалгарсан ба барилгын ажлыг 2021 онд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулжээ.
 
Ийнхүү аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан эрүүл мэндийн чиглэлээр хийж буй томоохон хөрөнгө оруулалтын ажлуудын нэг биелэлээ олж ажил хэрэг боллоо.
Н.Ерлан
2019.11.28