БАЯН-ӨЛГИЙ: Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглолоо

2020 оны 01-р сарын 27, 00:00

Өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдаж, хуралдаанаар шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх асуудлыг хэлэлцэж, 2020 оны 01-р сарын 27-ний өдрөөс эхлэн гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглолоо.

Тодруулбал” Шинэ төрлийн коронавирусын дэгдэлт дэлхийн улс орнуудад хурдтай тархаж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд 2020 оны 01 дүгээр сарын 27-ний өдрөөс эхлэн 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, хүүхэд харах төв, Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, их, дээд сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагааг түр зогсоож, олон нийтийг хамарсан хурал, жагсаал цуглаан, сургалт, баяр ёслол, хурим, найр, уралдаан, тэмцээн, секц, дугуйлан зохион байгуулах, цахим тоглоом ажиллуулахыг хориглолоо.

Мөн хуралдаанаар Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний болон эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг бүрэн хангах, Хилийн боомтын хяналтыг сайжруулах, тандалт судалгааг эрчимжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх арга замыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон албан байгууллагаар дамжуулан эцэг, эх, асран хамгаалагч нарт чиглэл, зөвлөмж өгч ажиллах, Бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх зэрэг асуудлуудыг хэлэлцэж холбогдох байгууллагуудад хэрэгжүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

Сануулж хэлхэд: БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 17:00 цагийн байдлаар Хятад улсад шинэ коронавирусын халдвараар 2823 хүн өвчилж, 81 хүн нас барсан, 461 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байгаа ба 57 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан байна.

Н.Ерлан
2020.01.27