Аймгийн Засаг дарга А.Гылымхан сумдын Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа

2020 оны 02-р сарын 03, 00:00

Өнөөдөр /2020.02.03/ аймгийн Засаг дарга А.Гылымхан сумдын Засаг дарга нартай хамтран ажиллах үр дүнгийн гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа.

Тодруулж хэлбэл: “Төсвийн тухай хуулийн 39.2-т Аймаг, нийслэлийн Засаг дарга сум, дүүргийн Засаг дарга нартай “ Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээг” аймаг, нийслэлийн төсөв батлагдсанаас хойш ажлын 14 өдрийн дотор байгуулна” гэж заасан байдаг. Үүний дагуу аймгийн Засаг дарга А.Гылымхан сумдын Засаг дарга нарын 2019 оны үр дүнгийн гэрээг дүгнэж, 2020 онд Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх үр дүнгийн гэрээ байгууллаа.

Гэрээ байгуулснаар сумдын Засаг дарга нар орон нутагтаа Засгийн газрын болон аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, улс, аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлж, нийгмийн чухал салбар болох боловсрол, эрүүл мэнд зэрэг төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх үүрэг хүлээх юм.

Мөн хууль тогтоомжийг хүрээнд ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах, үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэн ажиллахыг тус тус үүрэг болгож гэрээнд тусгасан байна.

Н.Ерлан
2020.02.03


.