АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭ АВАХ ТУХАЙ ЗАХИРАМЖ ГАРГАЛАА

2020 оны 02-р сарын 04, 00:00

Шинэ коронавирусын дэгдэлт, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 30 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаар хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор өнөөдөр аймгийн Засаг дарга А.Гылымхан "Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай" А/61 тоот захирамж гаргаж, уламжлалт сар шинийн баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг ард иргэдэд уриаллаа.
 
Мөн бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, нутгийн зөвлөл, хамт олны зохион байгуулалттай золголт хийхгүй байх, Цагаан сарын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байхыг сумын Засаг дарга нарт болон мэргэжлийн байгууллагын удирдлагуудад үүрэг болгож, зоогийн газар, караоке, баар, цэнгээний газар зэрэг үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарьт 3-р сарын 2-ны өдөр хүртэл хязгаарлалт хийж, оройн 22:00 цаг хүртэл ажиллуулах тухай захирамж гаргалаа.
 
Н.Ерлан
2020.02.04