Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргаж, хилийн боомтуудын нүүрс тээвэрлэлтийг зогсоолоо

2020 оны 02-р сарын 10, 00:00

Улсын онцгой комиссын өнөөдрийн /2020.02.10/ хуралдаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл коронавирусийн тархалт, нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийж, энэ жил Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх саналыг Улсын онцгой комисст танилцуулсан юм. Уг саналыг Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцээд Цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргаж, Ерөнхийлөгчид танилцуулахаар болжээ.

 
Мөн Хилийн боомтуудын нүүрс тээвэрлэлтийг 2020 оны 03-р сарын.02-г хүртэл зогсоолоо. Ингэснээр хилийн боомтуудаар ямар нэгэн хөдөлгөөн үгүй болох аж.
 
Хөл хөдөлгөөнийг хорьж чадаагүй орнуудад халдвар их тархаж байна. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн гол зүйл нь хөл хөдөлгөөнийг хориглох, бусдад вирус халдаахгүй байх явдал юм. Тиймээс Улсын онцгой комисс коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөл хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ.
 
Н.Ерлан
2020.02.10