ТӨРИЙН ШИЙДВЭРИЙГ ХҮНДЭТГЭСЭН ИРГЭН ТАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ

2020 оны 02-р сарын 25, 00:00

Зорчих хөдөлгөөнийг зогсоосон төрийн шийдвэрийг хүндэтгэн ухамсартай хандаж буй иргэн танд мэргэжлийн байгууллагын албан хаагчид талархал илэрхийлж байна.

Тодруулж хэлбэл” Коронавирусийн халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой комиссын 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 5 дугаар хурлын шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/113 дугаартай захирамжаар сар шинийн баярын өдрүүдэд буюу 02 дугаар сарын 23-ны өдрийн 08:00 цагаас 27-ны өдрийн 08:00 цаг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох хөдөлгөөнийг хааж, иргэд олон нийтийн уул овоо тахих, шинийн нэгний нар харах зэрэг үйл ажиллагааг хориглосон билээ.
Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга А.Гылымхан аймгийн төвийн орох, гарах 8 цэгт үүрэг гүйцэтгэж буй 30 гаруй албан хаагчдыг эргэж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
Энэ үеэр хяналтын цэгт албан үүргээ гүйцэтгэж буй албан хаагчид зорчих хөдөлгөөнийг зогсоосон хугацаанд ямар нэгэн зөрчил гараагүй, иргэд төрийн шийдвэрээ хүндэтгэн ухамсартай хандаж байна гэв. Мөн хариуцлагаа ухамсарлаж төр засгийн шийдвэрийг хүндэтгэж буйд талархал илэрхийлж байгаагаа бидэнд мэдэгдсэн юм.
Иймд иргэний үүргээ ухамсарлан, алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлж, төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгэж буй иргэн танд болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ард иргэдийн аюулгүй байдлын төлөө өдөр шөнөгүй 24 цагийн бэлэн байдалтай ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын албан хаагчдад аймгийн Засаг дарга, түүний тамгын газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
 
Н.Ерлан
2020.02.24