“ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ ГАРЛАА

2020 оны 03-р сарын 04, 00:00

Өнөөдөр аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга А.Гылымхан “Зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” А/139 дугаар захирамж гаргалаа
 
Үүнд:
 
1. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаатай холбогдуулан Улсын онцгой комиссын 2020 оны 3 дугаар тогтоол, аймгийн Онцгой комиссын 2020 оны 08 дугаар хурлын шийдвэрийн дагуу “Олон улсын эмэгтэйчүүдийн баяр”, “Монгол цэргийн өдөр”, “Наурызын баяр” зэрэг тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, сумдын Засаг дарга бөгөөд онцгой комиссын дарга нарт,
 
2. Коронавирус /covid-19/-ийн халдварын тохиолдол бүртгэгдсэн улсын нутаг дэвсгэрээр дамжин эх орондоо зорчиж буй Монгол Улсын иргэдийг 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал зөвхөн агаарын замын ”Буянт-Ухаа”, авто замын “Алтанбулаг-Хиагт”, төмөр замын “Сүхбаатар-Наушки” боомтоор улсын хил нэвтрүүлэх шийдвэр гарсантай холбогдуулан дээрхи улс орнуудаас ирсэн Монгол Улсын иргэдийг “Цагааннуур” авто замын боомтоор нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг Оросын Холбооны улсын талтай хамтран зохион байгуулахыг Хилийн 0285 дугаар ангийн захирагч, хурандаа В.Батжаргал , Гаалийн газрын дарга С.Хавал, Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамед нарт,.
 
3. Коронавируст /Сovid-19/ халдварын сэжигтэй тохиолдол болон хавьтагч нарыг тусгаарлах, ажиглалтын зориулалтаар ашиглах байрны эрэмбийг тогтоож бэлтгэл, бэлэн байдлыг хангах мөн нэн тэргүүний ээлжинд ашиглах, тусгаарлах байрыг 2020 оны 03 дугаар сарын 10-ны дотор бэлтгэхийг Шуурхай штабт,
 
4. Хот хоорондын зорчигч тээвэр, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан замын маршрут, ачааллыг зөв тооцох, зорчих хөдөлгөөнд хяналт тавьж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг Цагдаагийн газрын дарга дэд хурандаа Б.Наранбаатар, Авто тээврийн төвийн дарга Т.Сайдолда нарт,
 
5. Авто замын Цагааннуур боомт руу явах тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйтгэл хийж, зорчигчдоос эрүүл мэндийн тандалт судалгаа авч байхыг Авто тээврийн төвийн дарга Т.Сайдолда, Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл нарт,
 
6. Ариутгал, халдваргүйтгэл хийлгээгүй, эрүүл мэндийн тандалт судалгаанд хамрагдаагүй зорчигч, тээврийн хэрэгслийг авто замын боомтоор нэвтрүүлэхгүй байхыг Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамед нарт тус тус үүрэг болголоо.
 
Н.Ерлан
2020.03.04