ӨЛГИЙ ХОТЫГ ТОЙРОН ГАРАХ 19 КМ АВТО ЗАМ, ХОВД ГОЛД 200 МЕТР БЕТОН ГҮҮР БАРИХ АЖЛЫН НЭЭЛТ БОЛОВ

2020 оны 05-р сарын 09, 00:00

Нийслэл Улаанбаатар хотоос 1760 км алслагдсан Баян-Өлгий аймгийн хувьд дэд бүтцийн хөгжил хамгийн тулгамдсан асуудлуудын нэг байлаа. Тухайн хүндрэлийг шийдвэрлэхэд аймгийн Засаг дарга А.Гылымхан онцгой ач холбогдол өгч ажилласны үр дүнд УИХ, ЗГ-ын дэмжлэгээр Толбо-Хашаат чиглэлийн 60 км, Өлгий хотын төвд 16 км хатуу хучилттай авто зам, авто зогсоолын хамт баригдаж ашиглалтад орлоо.

Мөн 2018 оны 3-р сард аймгийн Засаг дарга А.Гылымханы хүсэлтээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахалсан салбар салбарын 6 сайд Баян-Өлгий аймагт ажиллаж 100 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг шийдээд явсан юм.

 

Тухайлбал:

- 100 ортой Нэгдсэн эмнэлэг барих,

- 50 ортой хүүхдийн эмнэлэг барих,

- Өлгий сумыг тойрсон 27 км Үерийн далан босгох

- Өлгий сумын хүүхдийн 1-р цэцэрлэгийг шинээр барих

- Төрийн үйлчилгээний цогцолбор барих

- Цагааннуураас Улаанбайшинт хүртэлх 25 км хайрган хучилттай замыг хатуу хучилттай асфальтан зам болгох

- Өлгий сумыг тойрч гарах 19 км хатуу хучилттай авто зам, 200 метр төмөр бетон гүүрийн хамт барих зэрэг ажлуудыг тус тус газар дээр нь шийдээд явсан юм.

Тэгвэл эдгээр ажлууд бодит биеллээ олж “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх” төслийн хүрээнд Баян-Өлгий аймагт хэрэгжиж буй Азийн авто замын АН-4 чиглэлийн Өлгий хотыг тойрон гарах 18.82 км авто зам, 200м төмөр бетон гүүр, Цагааннуур Улаанбайшинт чиглэлийн 25,8 км авто замын барилгын ажлын нээлтийн үйл ажиллагаа болж, ажил нь эхэллээ.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Мурат, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, болон аймгийн удирдлагууд, замын ажлыг гүйцэтгэгч кампани ажилчид оролцлоо.

Уг бүтээн байгуулалтын ажлыг Азийн хөгжлийн банкны 22.79 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх бөгөөд зам, гүүрний барилгын ажлыг “Хотгор Зам” ХХК, “Эйч Кэ Би Интернэшнл Холдинг” ХХК-иуд гүйцэтгэж, 2021 онд ашиглалтад оруулах юм.

Түүнчлэн олон жил шийдлээ хүлээсэн Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25,8 км авто замын барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр Зам, тээврийн хөгжлийн яамнаас БНХАУ-ын “Лонгжан Роуд энд Бридж” ХХК-тай 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулж улаан шугам хүлээлгэн өгөх зэрэг бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Эдгээр ажлууд бүрэн хэрэгжсэнээр Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төсөл бүрэн утгаар хэрэгжиж, Баян-Өлгий аймаг Азийн авто замын нэгдсэн сүлжээнд холбогдох юм. Энэ нь тус аймгийг ОХУ болон БНХАУ-ыг холбосон эдийн засаг, аялал жуулчлал, авто тээврийн коридор болгохоос гадна аймгийн түүхэнд хөгжлийн шинэ хуудас нээж байгаагаараа онцлогтой.

САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЧ, БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ МААНЬ ӨДӨР БҮР ӨНГӨ ОРЖ ХӨГЖИН БАДРАХ БОЛТУГАЙ.

Н.Ерлан
2020.05.08