БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙГ 2021-2025 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ТАВАН ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ, АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР”-ИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

2020 оны 11-р сарын 18, 00:00

Монгол Улсын Их хурлаас “Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хууль”-ийг шинэчилэн баталж, энэ оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Тилегенээр ахлуулсан 24 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг “Баян-Өлгий аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг боловсруулж байна.

“Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль”, “Алсын хараа-2050” урт хугацааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг хөгжлийн тулгуур баримт бичгүүдэд үндэслэн “Баян-Өлгий аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”, “Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг боловсруулах бөгөөд бодлогын баримт бичгүүдийг боловсруулахад Аймаг, орон нутгийн нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, дэд бүтэц, хөдөө аж ахуй, боловсрол, байгаль орчин ногоон хөгжлийн салбарыг сайжруулахад чиглэсэн асуудлуудыг тусгахаас гадна иргэдийн ахуй амьдралыг үе шаттайгаар дээшлүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл хөгжих таатай нөхцөлийг бий болгох, ажлын байр нэмэгдүүлэх, аялал жуулчлалын хүрээг өргөтөх, төрийн албаны чадамж, сахилга хариуцлагыг дээшлүүлж, хүнд суртлыг арилгахад чиглэсэн тодорхой зорилтуудыг дэвшүүлэх нь чухал. Хамгийн гол нь баримт бичигт тусгагдах ажил нь хэрэгжих бүрэн боломжтой, нөгөө талаараа орон нутгийн хөгжил, ард иргэдэд өндөр үр ашигтай байх ёстой.

Энэ хүрээнд салбар салбарын хэлэлцүүлгийг үе шаттайгаар зохион байгуулан, бодлогын баримт бичигт тусгах саналуудаа тодорхой болгож, оролцогч талуудын саналыг “Баян-Өлгий аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”, “Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусган Засгийн газар, Үндэсний хөгжлийн газраар хянуулж, хуулийн хугацаанд аймгийн ИТХ-аар батлуулахаар ажиллаж байна.

Иймд аймгийн хөгжлийн бодлогыг тодорхойлоход салбар салбарын төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн багш, иргэн бүрийн оролцоо маш чухал бөгөөд аймаг орон нутагт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зорилгоор та бүхний саналыг бичгээр болон аймгийн Засаг даргын Тамгын газрын цахим хуудсаар дамжуулан хүлээн авч байгаа тул “ӨНГӨТЭЙ ӨЛГИЙ” хотын төлөө саналаа ирүүлнэ үү.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗДТГ
2020.11.18