АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2020-2024 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА

2020 оны 12-р сарын 10, 00:00

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хоёрдугаар хуралдаан өнөөдөр үргэлжилж байна.

Хуралдаанаар аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталлаа.

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан бүрэн эрхийн хугацаандаа “Ковид-19” халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах, хүний хөгжлийн, эдийн засгийн, засаглалын, ногоон хөгжлийн, сум, орон нутгийн хөгжлийн гэсэн үндсэн 6 бүлэг, 22 дэд бүлгийн бодлогыг 111 зорилт, 288 дэд зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгалаа.

Тодруулж хэлбэл" “Алсын хараа-2050” урт хугацааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Баян-Өлгий аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” зэрэг хөгжлийн тулгуур баримт бичгүүдэд үндэслэн Аймаг, орон нутгийн нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, дэд бүтэц, хөдөө аж ахуй, боловсрол, байгаль орчин ногоон хөгжлийн салбарыг сайжруулахад чиглэсэн асуудлуудыг тусгахын зэрэгцээ иргэдийн ахуй амьдралыг үе шаттайгаар дээшлүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл хөгжих таатай нөхцөлийг бий болгох, төрийн бус байгууллагыг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, аялал жуулчлалын хүрээг өргөтгөх, төрийн албаны чадамж, сахилга хариуцлагыг дээшлүүлж, авлига, ашиг сонирхол, хүнд суртлыг арилгахад чиглэсэн тодорхой зорилтуудыг дэвшүүлж, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, улс төрийн намууд болон төрийн байгууллагуудын саналыг авч орон нутгийн онцлогийг харгалзан боловсруулсан байна.